"Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай" УИХ-ын тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2019.01.24

"Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай" УИХ-ын тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах туахй" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Тогтоолын төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Байнгын хорооноос 2019 оны 01 сарын 23-ны өдөр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, дүрмийн төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэг дэх хэсгийн 1.5 дахь заалтын “Зөвлөл үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлийг хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэснийг, мөн 2.1 дэх дэд заалтын “төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулах” гэснийг тус тус хасахаар тогтсон байна. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.БямбацогтБ.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт авлаа. Зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлэв.