2019.01.23

3-р сараас эхлэн гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар зогсооно

Засгийн газраас өнгөрсөн онд нийлэг уутны хэрэглээг хязгаарлах 189-р тогтоолыг өнгөрсөн онд баталсан.

Эхний удаад 0.035 мм-ээс нимгэн уутнуудыг хэрэглээнээс бүр мөсөн “халах” юм. 0.035 мм-ээс нимгэн уутны төрөлд бидний нэрлэж заншсанаар 20, 50, 100 төгрөгийн үнэтэй буюу –“хальсан” уут хамаарах юм. Эдгээрийг хэрэглэхийг хориглосон засгийн газрын шийдвэр 1 сар гаруй хугацааны дараа хэрэгжих гэж байна.

Жилийн өмнө батлагдсан 189-р тогтоол хэрэгжихэд бэлэн эсэхэд хяналт тавьж, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Өргөдлийн байнгын хороо болон холбогдох албаны төлөөллүүд даавуун болон цаасан уут, цаасан хайрцаг сав бэлтгэдэг дотоодын зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэд ХУД-т үйл ажиллагаа явуулдаг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв, мөн “Эко Пак Монгол” цаасан тор, цаасан хайрцагны үйлдвэр, ОБ пластик гялгар уут, торны үйлдвэрүүдээр орж, бэлтгэл ажилтай танилцсан юм.