“Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” ОУ-ын бага хурал боллоо
2019.01.22

“Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” ОУ-ын бага хурал боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулдаг   “Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” олон улсын эрдэм шинжилгээний  бага хурал боллоо.

Эрдэм шинжилгээний хурлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  нээж үг хэлсэн юм. Хоёр  жил тутам зохион байгуулагддаг тус хурал энэ жил дөрөвдэх жилдээ болж байна.  Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар  “Монгол орны байгалийн нөхцөл, нөөцийн 2017-2018 оны төлөв байдлын тайлан”-г УИХ-ын Байгаль орчин, Хүнс ХАА-н Байнгын Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр боловсруулж байгаатай холбоотойгоор  эрдэмтэд судлаачдын санал, зөвлөмжийг тусгах, түүнчлэн “Нийгэм, эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь  ямар чухал болох талаар эрдэмтэн судлаачид хэлэлцэж байна.

Энэхүү уламжлалт эрдэмт шинжилгээний хурлаар их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын байгаль шинжлэлийн салбарын эрдэмтэд судлаачид бүтээл туурвилаа толилуулан хэлэлцүүлдэг, судалгааны үр дүн, онол аргазүй, тодорхой зөвлөмж саналуудыг улс орныхоо байгалийн нөхцөл нөөцийн өнөөгийн бодит байдлыг тодорхойлох, цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээ, шийдлийн талаар бодлого хөтөлбөр боловсруулах, үйл ажиллагаа зохион байгуулахад  онцгой ач холбогдолтой юм.

Энэ удаагийн нэгдсэн хуралдаар олон улсын  өмнө тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой “Дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй богино хугацаат бохирдуулагчийг бууруулах асуудал”, түүнчлэн “Монгол орны ойн нөөц, хамгаалал, нөхөн сэргээлт” болон “Торгоны их замын загвар бүс нутаг дахь амралт сувиллын экосистемийн үйлчилгээний эдийн засгийн үнэлгээ  зэрэг нийт 70-аад итгэлээс шалгарсан 20 гаруй илтгэлийг  хэлэлцлээ.

Өмнөх 3 удаагийн хурлаар хэлэлцсэн асуудал, илтгэлүүдийг эмхтгэн 1 боть бүтээл болгон хэвлүүлсэн  нь байгаль орчны бодлого тодорхойлогчид, төрийн захиргааны ажилтнууд, эрдэмтэд судлаачдын ажилд чухал ач холбогдолтой бүтээл болж байгаа гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа. Хуралд Монгол, БНХАУ, ОХУ, Япон улсын шинжлэх ухааны байгууллагууд, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид  илтгэл, өгүүлэл ирүүлсэн байна.