Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2019.01.18) Төрийн ордны В танхимд болов.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир ахалж, гишүүдээр нь Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва нар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаныхан оролцлоо. Хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын сэдэв, дэг, хугацаа, оролцогчийн тоо, бүртгэл зэрэг асуудлыг хэлэлцэж баталсан.
Ерөнхий хяналтын сонсгол нь Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой юм.
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА