С.Эрдэнэ: МАН эрүүл байгаа учраас ажлын хариуцлага алдсан сайдыгаа огцруулах гэж байгаа юм
-Өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилж, түүнийг яллагдагчаар татлаа.Энэ асуудал улс төрийн хүрээнийхний анхаарлыг их татаж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Баривчилгаа юм уу түр саатуулах үйл ажиллагаа аль ч улс оронд байж л байдаг зүйл. Энэ бол мөрдөн байцаалтын л нэг хэсэг шүү дээ. Баривчлагдсан хүн болгон буруутай юм уу, баригдаагүй бол буруугүй гэдэг ойлголт байхгүй. Эрүүгийн эрхзүйн шинжлэх ухаанд юу гэж ойлгодог вэ гэвэл аль ч улсын иргэн хэн ч бай хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Хэн нэгэн этгээд ямар нэг хэрэгт сэжиглэгдэж байгаа тохиолдолд тэр хүнийг саатуулах, цагдан хорих, баривчлах энэ ажиллагаа хуулийн байгууллагын бүрэн эрх. Баривчилсан болгон буруутдаггүй.
Би өөрөө амьд жишээ нь байна. Надад хорих ял оноогоод Танц худаг"-т гурван сар хорьсон шүү дээ.Тэр хооронд шүүхээр шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдоод гарч л байсан. Бүр нарийн ярьвал УИХ-ын гишүүний үнэмлэхээ халаасалчихсан, халдашгүй байдлын нь эрх нь үүсчихсэн байсан шүү дээ. Тэглээ гээд би гонгинож илүү дутуу юм яриагүй. Ямар нэг гомдол санал барьж гүйгээгүй. Албан ёсоор хуулийн байгууллага шалгах ёстой. Аливаа хүнийг саатуулах баривчлах маш нарийн зохицуулалттай хуультай байх ёстой. Хувь хүний эрхэнд халдах гэдэг өөрөө маш ноцтой үр дагавар авчирдаг. Гудамжинд явж байгаа хүн болгоныг баривчлаад байж болохгүй шүү дээ Тодорхой эх үүсвэр нотолгоотой байж ,энэ ажиллагаа явагддаг.Энд нэг их нэг нь барьчихлаа, бариулчихлаа гэдэг ойлголтыг ойлгохоосоо илүү тэр хүн гэм буруутай юу үгүй юу гэдгийг хуулийн байгууллага шалган тогтоох үүрэгтэй. Эцсийн үнэнийг шүүх л тогтооно шүү дээ.
-АТГ улстөрждөггүй байгууллага. Том акулуудыг барьж эхэлж байна гэдэг дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол ердийн хуулийн байгууллага, өөрийн эрх хэмжээний хүрээнд явуулдаг л байдаг л нэг үйл ажиллагаа шүү дээ. Энд өнөөдөр Н.Энхбаярыг баривчилчихлаа.Тиймээс тэр гарцаагүй буруутай юм байна ч гэдэг юм уу. Эсвэл Н.Энхбаярыг хууль бусаар баривчиллаа гэдэг ойлголт байж болохгүй л дээ. Яагаад гэвэл энэ бол хуулийн хүрээнд явагдаж байгаа асуудал. Мөрдөн шалгах ажил явж байна. Тэгэхээр эцсийн дүндээ Н.Энхбаярыг буруутай үгүйг шүүх л тогтооно. Гэм буруугүй гэвэл тэр хүн суллагдаад гараад ирнэ. Гэм буруутай нь тогтоогдвол тодорхой хэмжээний хариуцлага хүлээх болно. Өнөөдөр жирийн иргэн Энхбаяр хэдэн арваараа баригдаж байгаа шүү дээ. Тэднийг өнөөдөр заримыг нь хууль зөрчөөд барьж байгаа гээд зөндөө л юм байна шүү дээ. Тэр болгоны эрхийн асуудал өнөөдөр хөндөгдөхгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. Би ч гэсэн бодож байгаа. Н.Энхбаяр гэдэг хүн Монгол Улсын төрийн эрх барих бүх л албан тушаалуудыг хашиж явсан. Хуулиа маш сайн мэддэг хүн. Хуулиа сайн мэддэг хүн учраас энэ бүхэнд нэг их эмзэглээд байхгүй байх. Шалгуулах хүрээнд шалгуулаад, буруутай эсэхээ тогтоолгоод гараад ирэх байх. Тэрэнд нэг их наана цаана болоод эмзэглээд байх хүн биш гэж бодож байна.
-АТГ дандаа л МАН-ынхныг баривчлаад байна. АН-ын гишүүдийг шалгахгүй байна гэж хардаж байгаа. Үүнийг ардчилсан ерөнхийлөгчтэй холбож тайлбарлах ч хүмүүс ч олон байна шүү дээ?
-Наадах чинь их инээдтэй ойлголт. Өнөөдөр АТГ-ын удирдлагуудыг ерөнхийлөгч томилдоггүй шүү дээ. АТГ зөвхөн УИХ-д ажлаа тайлагнадаг. Төсвийг нь баталж, томилгоог нь хийдэг газар нь УИХ гэдэг байгууллага.
Өнөөдөрийм байгууллагыг Ерөнхийлөгчийн харьяанд байдаг алба мэтээр ойлголт өгөх гэж дэмий.
Хоёрт хүмүүсийн хараанд МАН-ынхан түлхүү өртөөд байгаа юм. Аргагүй шүү дээ. Өнөөдөр гүйцэтгэх засаглалд хэн олонхи юм бэ. Засаг захиргааны дийлэнх албан тушаалтныг хэн томилсон юм. Аль намын хүмүүс эрх мэдэл албан тушаал хайж байгаа юм бэ гээд бодоод үз. Тиймээс МАН-ынхан түлхүү шалгагдах нь ойлгомжтой шүү дээ. Энд нэг их намын харьцаагаар асуудал ярих хэрэггүй. Зүгээр л үүнийг эрүүл ухаанаар харах хэрэгтэй. Өнөөдөр МАН хаягтай албан тушаалтнууд олон байгаа учраас тэд түлхүү шалгагдаж байгаа байх.
-Тэгвэл ардчилсан Ерөнхийлөгч сонгогдсоноор АТГ-ын үйл ажиллагаа шударга явагдаж байна гэж харах хүмүүс ч бас байгаа шүү дээ?
-Магадгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж байхдаа МУ-ын ерөнхийлөгч өөрийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлсэн шүү дээ. Ер нь АТГ ямар чиг үүрэгтэй байгууллага вэ гэдгийг тодорхой хэлсэн. Үүн дээр авлигатай ганцхан энэ байгууллага биш бүх нийтээрээ тэмцэх ёстой гэдгийг ч хэлсэн. Авлига өөрөө нийгэмд байж болохгүй, улс орныг нураадаг, эдийн засгийг нь хөмрүүлдэг. Төрийг унагадаг тэр том идээ бээр бол авлига юм гэж хэлсэн шүү дээ. Төрийн тэргүүн өөрөө ийм байр суурьтай байгаа учраас төрийн байгууллагууд ч гэсэн энэ чиг үүргийн дагуу ажиллах нь гарцаагүй шүү дээ.
-Бас нэг анхаарал татаж байгаа сэдэв бол ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудал. МАН дотроо хагаралдаж байна. Тиймээс гишүүд нь өөрийнхөө намын гишүүн сайдыг огцруулах асуудлыг өргөн барилаа гэж тайлбарлаад байна. Та юу гэж үзэж байна вэ?
-Харин энэ нам эрүүл байгаа юм биш үү. Эрүүл байгаа учраас нэгэнт хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй, хууль биелүүлэхгүй байгаа, ноцтой алдаа гаргаж байгаа этгээдийг огцруулах гэж санал гаргаж байна. Эрүүл байгаа учраас л өөрийнхөө намын сайдыг огцруулах өргөдөл барьж байна гэж ойлгож байгаа.
-Үнэхээр Ц.Нямдоржийг огцруулах үндэслэлээ зөв гаргаж чадсан гэж үү?
-Асуудлыг гаргаж тавих зориг зүрхтэй байна гэдэг чинь тэр хүмүүс эрүүл байна гэсэн үг. Үнэхээр улс орныг сайн сайхныг боддог сэтгэл байна гэдгийг олж харж байна. Өнөөдөр хууль зүйн салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй гэдгийг бүх нийтээрээ ярьж байгаа шүү дээ. Энэ салбарын сайдаар энэ олон жил ажиллахдаа монголын хууль зүйн салбарыг хэр шинэчилсэн билээ дээ. Шинэчилсэн үү, улам доройтуулсан уу гэдэг асуудал яригдаж байгаа шүү дээ. Хувь хүний хувьд маш их алдаатай хүн шүү дээ. Тэгэхээр энэ хүн монголын төрийн энэ өндөр хариуцлагатай албан тушаалд байх хүн үү, үгүй юу. Түүнийг нь авч үзэх ёстой. Манай намын бүлэг тэрхүү огцруулах саналыг гаргасан гишүүдийн санал дээр үндэслэл хэлэхээс илүү энэ хүнтэй холбоотой ёс зүйн асуудлыг анхаарч байгаа.
-Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудал олонхийн дэмжлэг авч чадахгүй бол АН-ынхан огцруулах асуудлыг тавих уу?
-Манай нам биш монголын ард түмэн энэ асуудлыг тавина шүү дээ. Тэгээд ч удахгүй УИХ-ын сонгууль юу юугүй хаяанд ирчихсэн байна. Ирэх зургадугаар сарын 28-нд сонгууль товлогдох асуудал баталгаажлаа. Ц.Нямдоржтой ноцолдож байхаас илүү манай намд хийх ажил олон байна. Нийгэмд, олон түмэнд юу хийх юм бэ. Юу хийсэн юм бэ мөрийн мөрийн хөтөлбөрөө Танилцуулаад явах илүү үр дүнтэй. Тэртэй тэргүй Ц.Нямдоржийг Хуульзүйн сайд битгий хэл УИХ-ын гишүүн байх уу, үгүй гэдгийг монголын ард түмэн дүгнээд дүнгээ тавих байх. Эцэст нь хэлэхэд МАН ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалд нь авч үлдснээр нэмэх биш хасах оноо л авна. Ард түмэн сохор дүлий биш. Бүгд харж байгаа. МАН хариуцлага алдсан энэ албан тушаалтантайгаа хариуцлага тооцохгүй юм ард түмэн тооцоод өгөх байлгүй.
-Сонгуулиасөмнө цахим үнэмлэх хэвлэж тараах ямар ч боломжгүй болсон. Гэвч энэ ажлыг цалгардуулсан хүмүүс-тэй хариуцлага тооцох ёстой гэж олон хүн үзэж байх шиг байна. Таны хувьд?
-МАН-ынхан Амарсанаа гэдэг тусгай даалгавартай хүнийг зориуд томилсон.Одоо бужигнуулж өгч байна. Амарсанаа гэдэг хүнд ямар даалгавар өгсөн бэ гэхээр 2012 оны сонгуульд МАН-ыг ямар ч үнэ цэнээр хамаагүй ялуулах ийм үүрэг өгсөн байх гэж би хардаж байна. Энэ хүн наанаа гэмгүй царайлчихаад, янз бүрийн шалтаг шалтгаан тоочоод иргэний цахим үнэмлэх хэвлэх ажлыг үндсэнд нь зогсоочихлоо шүү дээ. Тиймээс цаанаасаа даалгавартай хүн ирсэн л гэж бодож байгаа.
-Цахим үнэмлэхийг дагаад хувь хүний нууц, улсын нууцын тухай асуудаляригдана. Ийм асуудлыг түргэн шуурхай, гоомой хийж болохгүй гэж тайлбарлаж байгаа шүү дээ?
-Худлаа. Цахим технологи хөгжсөн цаг үед бид амьдарч байгаа биз дээ. Тэр бидний айгаад цочоод байдаг цахим технологи чинь биш болж. Иргэний цахим үнэмлэх гэдэг бол зүгээр л монголын 1,7 сая хүнийг үнэмлэхжүүлэх, хэдхэн хоногийн дотор л хийгээд өгчих ажил. Дархан хүн алх дөш налж сууж байгаад ээмэг бөгж хийх гэж байгаа юм шиг зүйл биш. Зүгээр л тусгай программ суулгаад болох асуудал шүү дээ. Гэтэл ийм юмыг зориудаар тасалдуулж байна. Иргэдийн мэдээлэл бага байгааг далимдуулж, зориуд хүндрэл үүсгэж, асуудлыг улстөржүүлж байна. Сүүлдээ АН-ын дарга Н.Алтанхуягийн буруутай гэж тайлбарлаад эхэлж байна. Анхнаасаа л улстөрийн зорилготой байсан нь харагдаж байна.