2018 оны онцлох аудитын компаниар "Од бүртгэл аудит" ХХК шалгарлаа
2018.12.31

2018 оны онцлох аудитын компаниар "Од бүртгэл аудит" ХХК шалгарлаа

Энэ сарын 22-нд Аудитын компаниудын “Шинэ жилийн цэнгүүн”-ийг ММНБИ, “Мишээл Од Аудит” ХХК, “Координат Аудит” ХХК-ууд хамтран зохион байгууллаа. Баярт нийт 35 компанийн хамт олон оролцлоо.

Аудиторуудын шинэ жилээр ММНБИ-ээс оны онцлох компаниудыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2018 оны “Ажлын байрны өсөлттэй Аудитын компани”-аар “Эйч Эл Би Монголиа Аудит” ХХК тодорлоо. Тус компани 2010 онд “Си Эн Эм Аудит” ХХК нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2015 оны 12-р сараас эхлэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад төвтэй “HLB интэрнэйшнл” аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний фирмүүдийн олон улсын мэргэжлийн сүлжээний гишүүн компани болон үйл ажиллагаагаа тэлж, байнгын 14-18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад 2018 оны эхнээс ажилтныхаа тоог 2 дахин буюу 93%-иар нэмэгдүүлжээ.

Харин 2018 оны “Оны онцлох Аудитын компани”-аар Moore Stephens International олон улсын сүлжээний жинхэнэ гишүүн болсон “Од Бүртгэл Аудит” ХХК шалгарсан байна. “Од Бүртгэл Аудит” ХХК 2008 онд байгуулагдсан бөгөөд 2016 онд Moore Stephens International олон улсын сүлжээнд элсэн орж, 2018 оны 9 дүгээр сард Олон Улсын чанарын хяналтын шалгалтаар орж амжилттай шалгагдаж “Жинхэнэ гишүүн”-ээр хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Баярын арга хэмжээг зохион байгуулсан “Мишээл Од Аудит” ХХК 10 жил, “Координат Аудит” ХХК 20 жилтэйгээ энэ онд золгож байгаа бөгөөд аудитын салбарт амжилттай ажиллаж байгаа билээ.