Х.Амгаланбаатар хуулийн байгууллагад ханджээ
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон нэр бүхий хүмүүс цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар далимдуулж хувьдаа мөнгө завшдаг гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл МҮЭХ уг асуудлаар хуулийн байгууллагад ханджээ.
Тус холбооноос гаргасан мэдэгдэлд “Хуурамч хаяг, зарим сайтуудаар худал ташаа мэдээлэл удаа дараа нийтлэж, хувь хүмүүсийн нэр хүнд, хуулийн этгээдийн эрхэнд бүдүүлгээр, санаатайгаар халдаж байгаа тул Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст холбогдох этгээд, байгууллагуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар хандлаа” гэсэн байна.
Эргэн сануулахад, Төрийн албан хаагчдын 2019 оны цалин хөлсний талаарх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр энэ сарын 18-ны өдөр болсон. Хэлэлцээрт ХНХ-ийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын тэргүүтэй гишүүд цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн юм.