Хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ
2018.09.06

Хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

ИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссоос 2018 оны есдүгээр сарын 5-ны өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын гишүүн, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Нийслэлийн Архивын газрын дарга, Нийслэлийн салбар комиссын гишүүн С.Гаваа, НИТХ-ын Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар нар хэлмэгдэгсдийн үр хүүхдийн төлөөлөл болон “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн мөнгөн тусламж үзүүллээ.

Энэ үеэр “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн  Д.Дашдаваа

“Өнөөдөр бид бүхнийг урин санал хүсэлтийг минь сонсч, мөнгөн тусламж үзүүлж  байгаа та бүхэнд баярлаж байна. Мөн энэ онд УИХ-аас  хэлмэгдэгсдийн ар гэрт орон сууц олгох тухай шийдвэр гаргасанд талархаж байна” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлэв.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс болон Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комисс нь  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээлгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, нөхөн олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр энэ жил 20 дахь жилдээ ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн “Дурсгалын хөшөө”-г тохижуулах ажлын зардалд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 5 сая төгрөгний санхүүжилтийг олгоод байгаа юм.