Слав-Еврази судлалын олон улсын IX бага хурал “Даяаршил ба өнөөгийн Еврази: Монголын оролцоо” сэдвийн дор эхэллээ
Слав-Еврази судлалын олон улсын IX бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо “Даяаршил ба өнөөгийн Еврази: Монголын оролцоо” сэдвийн дор нээлтээ хийлээ. Анх удаагаа Монгол Улсад болж буй уг хурал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж байгаа бөгөөд Засгийн газрыг төлөөлж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хурлыг нээж үг хэллээ.
Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Украин, Молдав, Азербайжан, ХБНГУ, Польш, Финлянд, Швед, Бельги, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Монгол зэрэг 20 гаруй орны 120 төлөөлөгчид чуулж даяарчлалын эрин үе дэх Евразийн бодит байдал, түүнд Монголчуудын оролцоо, хувь нэмэр, өвөрмөц байдал ямар байгаа талаар хэлэлцэх юм.
Уг хурлыг Монголд зохион байгуулснаар Монгол Улсаа дэлхийн олон орны судлаач эрдэмтэдэд сурталчлах, тэд Монгол орны тухай бодит мэдээлэл, ойлголт олж авахад чухал ач холбогдолтой үйл явдал болно гэж Төв Зүүн Европ судлалын Монголын Холбоо, ШУА-ийнхан үзэж байна. Түүнчлэн Монголын Орос ба Европ судлал, түүний дотор Слав-Еврази судлалын өнөөгийн байдал, Монголын эрдэмтдийн судалгааны үр дүнтэй танилцах боломжийг олгохоос гадна Монгол талын оролцогчдод, ялангуяа залуу судлаачдад эх орондоо зохиогдох олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд биечлэн оролцох боломжийг олгож байна.
Орчин үеийн даяаршлын үйл явц Монголоос эхлэлтэй
“Гадаадын судлаач эрдэмтэд Монголын түүх, соёл, ард түмний аж байдал, зан заншилтай цухас боловч танилцахад тус бага хурал зохих үүрэг гүйцэтгэнэ гэж бид үзэж байна. Тиймээс ч зохион байгуулах хорооны зүгээс бага хурлын төлөөлөгчдөд зориулан Монголын соёл, нүүдэлчдийн зан байдлыг харуулсан аялал жуулчлалын арга хэмжээг бага хурлын хөтөлбөрт төлөвлөн тусгаж, оролцогчдын саналыг харгалзан зохион байгуулна” хэмээн хурлыг зохион байгуулагчид онцоллоо.
Хурлын сэдвийг “Даяаршил ба өнөөгийн Еврази: түүх, хандлага, өөрчлөлтийн сорилт” хэмээн тодорхойлсон нь эдүгээ цагийн Евразийн хамтын ажиллагаа, харилцаа холбооны уг сурвалж нь Монголын өвөг дээдэс эрт дээр цагт Хүннү гүрэн, хожим XIII-XIY зууны Монголын эзэнт гүрний үед тавигдсаныг тэмдэглэж, орчин үеийн даяаршлын үйл явцад монголчууд өөрсдийн хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэхийг эрмэлзжээ.
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: 21-р зуун Ази, дорно судлал руу анхаарлаа хандуулж байна
Слав-Еврази судлалын асуудаарх Зүүн Азийн олон улсын 9-р бага хурал Монгол Улсад анх удаагаа болж байна. Өмнө нь зөвхөн Слав буюу төв Европын судлалыг дагнадаг байсан бол одоо Слав-Еврази гэж хамтад нь авч үздэг болсон байна. Евразид даяаршлын үйл явц хэрхэн явагдаж байгаа, түүхэн замнал болоод сорилт нь юу юм, түүн дотор тухайн нэг улсын оролцоо юу болохыг зохион байгуулагдсан орныхоо жишээн дээр авч хэлэлцдэг уламжлалтай хурал. Ер нь 19, 20–р зүуун Европ судлалын зуун байсан бол 21-р зуун Ази судлал, дорно дахин руу хэлбийж байгааг эрдэмтэд онцолж байна. Үүн дотор нүүдэлчин Монголчуудын соёл, уламжлал, зан заншилд даяарчлалын уур амьсгал хэрхэн нөлөөлж буй талаарх сонирхолтой судалгааг эрдэмтэд хийснээ илтгэлүүдээр хэлэлцүүлэх нь. Эндээс Монгол орны өнөөгийн хөгжлийг гадныхан тэр дундаа Евразийнхан хэрхэн үнэлж байгааг харж болох ач холбогдолтой гэж үзэж байна”.
- Төв, Зүүн Европ судлалын Монголын Холбооны Ерөнхийлөгч, доктор, профессор Д.Алтай: Евразийн интеграцийн үндсийг эртний Монголчууд тавьсан
Бидний өвөг дээдэс Хүннүгийн үеэс Европыг дайлж, эзэнт гүрэн байгуулж Ази, Европын олон үндэстнийг нэгтгэж байсан том үндэстэн. 13-15-р зуунд Чингисийн их эзэнт гүрэн, түүний залгамжлагчид Европын улсуудад эзэрхийллээ тогтоож байсан. Сүүлийн үед Евразийн интеграцийн үндсийг Монголчуудын эзэнт гүрэн тавьжээ гэдэг дээр судлаачид санал нэгдэж, онцлон үздэг болсон. ОХУ-ын судлаачид яг энэ сэдвээр илтгэл тавина. Өөрөөр хэлбэл 13-р зууны Эзэнт гүрний үеийн Монголчууд Төв ази, Ойрх Дорнодын улс орнуудтай соёл иргэншил, шашин шүтлэгийн хувьд тэс өөр боловч харилцаа холбоо, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа түүнчлэн морьт өртөөгөөр дамжуулан орчин үеийн харилцаа холбооны эх үндсийг тавьсан байна гэж үздэг. Товчхондоо Монголчууд нийгэм хамтран аж төрөх ёс бий болоход Монголчууд анхны том хувь нэмрийг дэлхийн түүхэнд оруулсан гэж үздэг болж байна. Тийм ч учраас Слав-Еврази судлалын 9-р бага хурал эртний өвөрмөц түүхтэй Монгол орон өнөөгийн даяаршиж буй цаг үед хэрхэн өөрчлөгдсөн, цаашид Евразид Монголын оролцоо ямар байх уу, Монголтой хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг асуудлаар харилцан санал солилцох сайхан боломжийг бидэнд олгож байна.
Слав-Еврази судлалын Зүүн Азийн олон улсын бага хурлын танилцуулга
Зүүн Азийн бүсийн бага хурал нь 2007 оноос ICCEES Холбооны хүрээнд зохиогдож эхэлсэн. Тус бага хуралд БНСУ, Япон, БНХАУ, Энэтхэг, Монгол, Казахстан зэрэг Азийн орны Слав-Еврази судлаачид тогтмол оролцдог уламжлалтай. Энэхүү бага хурал Ази тивийн төлөөлөгчдөөр хязгаарлагдахгүй, ICCEES Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд, Баруун Европ, АНУ, Канад, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудын энэ чиглэлийн судлаач эрдэмтэд, их дээд сургуулийн багш профессорууд байнга оролцдог чухал арга хэмжээ юм байна. Тиймээс тус бага хурал нь эрдэмтэд судалгааны үр дүн, шинэ мэдээлэл, туршлага, байр сууриа солилцдог чухал индэр болж төлөвшжээ.
ICCEES буюу International Council for Central and Eastern Europе Studies Холбоо нь 1974 онд байгуулагдсан, Төв, Зүүн Европын орнуудын судлалаар мэргэшсэн дэлхийн 50 гаруй орны эрдэмтэн судлаачдыг сайн дурын үндсэн дээр өөрийн эгнээндээ нэгтгэсэн олон улсын ТББ.. ICCEES холбоо таван жил тутам их хурал зохион байгуулдаг. Сүүлийн 9-р их хурал 2015 онд Японы Макухарид болсон, 10-р их хурал 2020 онд Канадын Монреаль хотод болно. Их хурлын завсраар бүсийн, тухайлбал Зүүн Азийн СлавЕврази судлалын олон улсын бага хурлыг зохиодог бөгөөд энэ удаад Монголд анх удаа болж байгаа нь энэ юм. Хурал 7-р сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.