Ц.Цогзолмаа: Сургуульд элсүүлэх насыг эргэж харах шаардлагатай
2018.06.27

Ц.Цогзолмаа: Сургуульд элсүүлэх насыг эргэж харах шаардлагатай

Манай улс 10 гаруй жилийн өмнөөс зургаан настай хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлэн сургаж эхэлсэн. Мэдээж найман настай хүүхэд сургуульд орж, зургаан настай хүүхэд цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцан, олон жил дадсан учраас энэ нь тийм ч амар хэрэгжүүлэх ажил байгаагүй.

10 минут л анхааралтай сууж чадах зургаан настай хүүхдийн онцлогт таарсан багш нарыг бэлтгэхээс өгсүүлээд боловсролын агуулгыг өөрчлөх зэрэг төсөв хөрөнгө, хугацаа шаардсан ажил ихээхэн хийсэн. Гэвч энэ нь эргээд нийгэмд багагүй асуудал дагуулж эхэлсэн юм. Тухайлбал, малчдын хувьд энэ нь хүндээр тусч ирсэн.

Аав нь малаа маллаж намаржаа, өвөлжөөндөө үлддэг. Ээж нь бага насны хүүхдээ дагаад сум барааддаг. Зундаа л гэр бүлээрээ цуглардаг дүр зураг бий болсоор олон жилийн нүүр үзэж байна. Энэ байдал нь гэр бүл хөндийрөх цаашлаад салах шалтгаан болоод байгаа юм. Ийм бодитой асуудал нүүрлэсэн учраас малчдын хүүхдийг сургуульд сургах насыг сонголттойгоор үлдээсэн юм. Гэсэн хэдий ч салбарын сайд нь ч малчдынхаа хүүхдүүдийн сургуульд элсэх насыг нь зайлшгүй эргэж харах шаардлага тулгарсан гэдгийг хэлж байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Зургаан насны боловсролын систем бол Монголын амьдралаас хол тасархай байна гэдгийг амьдрал харууллаа. Тиймээс өөрчлөх шаардлагатай. Малчдын хүүхдүүдийн хувьд, хэрэглээ, цаг үе, үйл явдлын онцлогт тохируулж (Цагаан cap, мал төллөлт) сургалтын программаа гаргах бол, хотын хүүхдүүдийг ид утааны үеэр амраана гэх мэт зохицуулалт хийж өгөхийг цаг үе нэхэж байна” гэжээ.