Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй
2018.06.22

Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Тавантолгойн төслийг өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд УИХ-ын даргад өргөн барилаа. Чуулган ирэх долоо хоногт завсарлана. 10 жил гацсан төслийг долоо хоногийн дотор хэлэлцэж, шийдэлд хүрч чадах уу?

-Хуулийн хугацаагаар энэ хаврын ээлжит чуулган энэ сарын 29-нд завсарлахаар байгаа. Гэхдээ Тавантолгойн асуудлыг яаравчилсан буюу тусгайлсан горимоор оруулж ирж байгаа учраас хугацааг нь сунгаад хэлэлцэх боломжтой. Хаврын ээлжит чуулган завсарлаад баяр наадмын дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж Тавантолгойтой холбоотой болон бусад асуудлуудыг хэлэлцэх бүрэн боломж бий. Гэхдээ нэг талаасаа цаг хугацааны хувьд ч чуулган завсарлахаас долоо хоногийн өмнө Тавантолгой төслийг өргөн барьж байна. УИХ-ын удирдлагуудын төвшинд ярьж байгаад хэзээ хэлэлцэх, яах вэ гэдгээ шийдэх байх.

-УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн төслийн асуудлыг дахин хэлэлцье гэж байсан ч бүлгээр оруулахгүйгээр шууд УИХ-д оруулчихлаа. Бүлгээрээ дахиад асуудлыг хэлэлцэх үү?

-Өмнө нь бүлэг дээр Тавантолгойн төслийн ерөнхий танилцуулгуудыг л хийсэн. Тавантолгойг ашиглах уу, эрчимжүүлэх үү гэдэг нь мэдээж зарчмын асуудал. Харин ямар зарчмаар хэрхэн шийдэх, төмөр зам, нүүрс угаах, боловсруулах үйлдвэр, авто зам, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх гээд маш олон асуудал бий. Эдгээрийг цогц байдлаар шийдвэрлэх ёстой. Тавантолгойг урт хугацаандаа уул уурхайн бодлогын төвшинд хэрхэн ашиглах ёстой вэ гэдэг бодлогоо гаргах ёстой. Бид Тавантолгойг ашиглана гэж ярьдаг. Дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 150 ам.долларын ханштай байдаг коксжих нүүрсний хэмжээ нь бага. 80-85 хувь нь эрчим хүчний нүүрс байдаг. Тиймээс хамгийн их байгаа эрчим хүчний нүүрсийг яаж ашиглах вэ гэдгээ шийдэх ёстой. Ганц Тавантолгой ч гэлтгүй манай нүүрсний уурхайнуудын дийлэнх хувь нь эрчим хүчний нүүрс байдаг. Энэ нүүрс нэг тонн нь 20-30 мянган төгрөгөөс хэтэрдэггүй. Тиймээс ийм нүүрсийг тээвэрлээд экспортод гаргана гэсэн асуудал угаасаа байхгүй. Дотооддоо үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээж байж илүү үнэ хүргэх шийдлийг олох ёстой. Үүний нэг нь эрчим хүчнийхээ нүүрсэн дээр суурилсан цахилгаан станцуудыг барьж байгуулах асуудал чухал байгаа юм. Хэрвээ ингэж чадвал эрчим хүчний нүүрсийг коксжих нүүрсний үнээр ч борлуулах боломж бүрдэнэ.

-Эрдэнэс Тавантолгойн компанийн 30 хувийг гадаад зах зээлд гаргаад 4.7 тэрбум ам.доллар босгоод дөрвөн чиглэлийн төмөр зам, хоёр чиглэлийн авто зам гэх мэт дэд бүтцийн ажлыг хийнэ гэж байсан. Харин олон улсын хөрөнгө оруулагчид Эрдэнэс Тавантолгойн хувьцааг худалдаж авах уу?

-Хөрөнгийн бирж дээр гаргах уу, компанийн засаглалыг ил тод нээлттэй болгох ёстой юу гэдэг нь зарчмын асуудал. 51 хувь байх уу, 49 хувь байх уу гэдгийг эдийн засгийн судалгаан дээр үндэслэн шийдэх ёстой. Бидэнд нарын мэдээлэл байхгүй байна. Бүлэг дээр ерөнхий мэдээлэл л өгсөн. Мэдээж Засгийн газраас өргөн барьсан асуудал учраас нарийн тооцооллыг үзүүлэх байх. 

-УИХ-аас буцаасан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газар дахин өргөн барихаар болсон. Та ч энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Сангийн сайд “Ч.Улаан, Г.Тэмүүлэн нарын гаргасан саналуудтай танилцаад, буруу ойлгосныг нь тайлбарлаж өгсөн” гэсэн. Нэг ёсондоо тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн. Ийм зүйл болсон уу?

-Засгийн газраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслөө засч сайжруулаад дахин өргөн барьж байгаа гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Бидэнд тодорхой ойлголцолд хүрсэн гэсэн зүйл байхгүй. Ч.Улаан гишүүн бид хоёр ажил хэрэгч байдлаар энэ асуудалд хандаж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр байж болошгүй 11 саналыг гаргаж албан бичгээр хүргүүлсэн. Татварын багц хуулийн хүрээнд шинэчлэл хийх ёстой. Гэхдээ энэ удаагийн шинэчлэл асар өргөн хүрээг хамарч байгаа. Энэ дундаа жижиг дунд бизнесээ дэмжсэн, дотоодын аж ахуй нэгжээ дэмжсэн сайн зүйл заалтууд бий. Гэхдээ дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн заалтуудаас гадна гаднынхнаас авдаг байсан тоймтой хэдэн том татваруудаа хассан. Энэ нь хуулийн цоорхой үүсгэж, татвараас зайлсхийх боломж бүрдүүлж байгаа. Энэ заалтуудыг засах хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн үйлчлэлийг аваад үзэхэд Оюутолгой төслийн татвартай холбоотой 34 заалтын 10,11 заалт нь хөндөгдөж байгаа. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг бий болгож, элэгдэл хорогдлын 40 жилийг 25 жил болгож багасгасан, удирдлагын зардлын хувь хэмжээг бууруулах гэх мэт олон асуудал байсан. Монгол Улсын бодлогын залгамж чанар байх ёстой. Нэг төсөл дээр Засгийн газраас олон сараар хэлэлцээр хийж, татварын хөнгөлөлт үзүүлэхгүй байх гэдэг ч юм уу олон жилийн хугацаанд манай татварын хар хайрцагны бодлого болж ирсэн. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байна гээд нөгөө талдаа цоорхой гаргаад байж болохгүй.

-Та хоёрт буруу ойлгосон ч юм уу, мушгиж ярьсан зүйл байсан уу?

-Оюутолгойн гэрээний ажлын хэсгийн нарийн бичгээр би ажиллаж байсан. Татвартай холбоотой 34 зүйл заалтыг надаас илүү мэдэх хүн ховор. Ч.Улаан гишүүн бол олон удаа Сангийн сайдаар ажиллаж байсан хүн. Татварынхаа хуулийг маш сайн мэднэ. Бидэнд буруу, зөрүү ойлгосон юм байхгүй. Ямар ч байсан өөрсдийнхөө байр суурийг албан бичгээр тодорхой тайлбарласан.

-Хаврын чуулган завсарлахад долоохон хоног үлдлээ. Ийм богино хугацаанд татварын багц хуулийг батлах нь зөв үү?

-Зохион байгуулалтын алдаа гарсан юм болов уу гэж бодож байгаа. Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сараас хойш татварын багц хуулийн хэлэлцүүлгийг хийж байгаа хүрээнд нэлээд ажил хийсэн байх. Гэхдээ УИХ дээр долоо хоногийн хугацаанд л хуулийн төслийг гүйлгэж харах хэмжээнд л судлах боломж олдсон. Татварын багц хуульд том шинэчлэл хийгдэж, бүх салбарыг хамарч байгаа тохиолдолд доод тал нь хоёр сар хэлэлцээд явах ёстой. Татварын асуудал бүхий л салбарыг хамарч байгаа. Тиймээс ямар нэг байдлаар алдаа гаргах эрх байхгүй.

Ж.МЯДАГБАДАМ