Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг дэмжлээ
2018.06.19

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын зургаан гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа. 

Улсын Их Хурлын гишүүд хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрээр асуулт асууж, хариулт авч, санал хэлж байлаа. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй гэж заасныг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол барьцаа хөрөнгөгүй, өрхийн бизнес эрхэлж иргэдээ бага хүүтэй зээлээр хангах талаар төсөлд хэрхэн туссаныг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн зүгээс, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жилийн борлуулалтын орлого нь 500 мянган төгрөг хүртлэх бичил, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 3 хүртлэх хувийн хүүтэй зээл олгохоор, үүнээс дээш орлоготой дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулан 7-8 хувийн хүүтэй зээл олгохоор тусгасан гэж хариулж байлаа. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “17.1 татвар төлөгч нь  энэ хуулийн 16.1, 16.8, 16.9-д заасны даггуу тодорхойлоход 0-2,5 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 1 хувиар албан татвар ногдуулна” гэснийг ногдох гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив. 

Ингээд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон.