2018.05.30
Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?
УИХ дахь МАН-ын бүлэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх эсэх асуудлаар хуралдах бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эдийн засгийн форум-2018”-д оролцох үеэрээ ШХАБ-д Монгол Улс элэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлснээс хойш тус байгууллагад Монгол Улс элсэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд өрнөөд байгаа билээ. Мөн энэ асуудлаар маргааш УИХ-ын чуулган хаалттай хуралдаж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудлаар гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улс ажиглагчийн байр суурьнаас хандаж эхэлсэн. Хөрш орнуудын зүгээс Монголыг ажиглагч биш жинхэнэ гишүүнээр элсээч гэсэн саналууд тавигдаж байсан гэсэн мэдээлэл ч байдаг. Монгол Улс ажиглагчаар байх, гишүүнээр байх хоёр нь ямар ач холбогдол, хор хөнөөлтэй вэ гэдэг асуудал нь тодорхой биш байна. ШХАБ бол төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, хөрөнгө, санхүүжилт олгодог байгууллага биш. Энэ бол Зүүн хойд азийн бүс нутгийн улс төрийн чиглэлээр бодлого зангиддаг улс төрийн нэгдэл гэж би ойлгодог. Энэ байгууллагын гол тулгуур нь БНХАУ, ОХУ, Энэтхэг улсууд байдаг. Монгол Улс бол төвийг сахисан, гуравдагч хөршийн бодлого явуулдаг улс. Ийм нөхцөлд ШХАБ-д хандах байр сууринд болгоомжтой хандах ёстой. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлуудад сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиглагчийн байр суурьнаас оролцож байгаа гэж тодорхойлж буй. Энэ хэвээр явахад нэг их буруудахгүй болов уу гэж бодож байна. Сүүлийн өдрүүдэд энэ байгууллагад элсэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд их явж байна. ҮАБЗ юу гэж үзэж байгаа, энэ байгууллагад элсвэл гуравдагч хөрш, томоохон зээл тусламж үзүүлдэг гуравдагч орнууд ямар байдлаар хандах зэрэг олон асуудал байна. Тиймээс маш болгоомжтой хандахгүй бол Монгол Улсын олон улсын тавцан дах байр сууринд нэлээд өөрчлөлт орох болов уу гэж харж байна. Бид мөнхийн хоёр хөрштэй. Энэ хоёр хөрштэй 20-р зуунд энэ нэг талтай бодлого буюу социалист бодлогын хүрээнд бодлогоо явуулж ирсэн, 1990 оноос хойш ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай, бүс нутгийн маргаангүй байгаа. Монголчууд ардчилсан хувьсгалаар олж авсан нэг том ололт бол гуравдагч хөршийн бодлого, дэлхий нийтэд Монгол Улс нээлттэй, бүх улс орнуудтай эв найрамдалтай хамтын ажиллагаанууд янз бүрийн түвшинд үргэлжилж байна. Хэрэв ШХАБ-д элслээ гэж бодоход хоёр том хөрш маань улс төрийн болон геополитикийн хувьд маргаан үүсвэл бид аль нэг талыг нь дэмжихээс өөр гарцгүй нөхцөл үүсвэл яах вэ. Бид хэнийг нь дэмжих вэ. Жинхэнэ гишүүн болж, саналын эрхтэй болчихсон тохиолдолд тодорхой асуудлуудаар санал хураавал бид хэний талд санал өгөх, өгөөгүй тал нь яах вэ гэсэн болгоомжлол байна. Би бол гадаад харилцааны чиглэлийн, судлаач хүн биш. Зүгээр Монгол хүний хар ухаанаар бодоход л ийм байна.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
УИХ-ын гишүүн Ч.Улаан
-Би бол яагаад ШХАБ-д элсч болохгүй гэж гэсэн байр суурьтай байдаг хүн. Элсэхэд хүндрэлтэй зүйл байхгүй гэж бодож байна. Харин ч эдийн засгийн хамтын ажиллагааны интеграцид идэвхтэй оролцох тал дээр бидэнд олон давуу тал гарч ирэх боломжтой. Би улс төр талаас нь бус эдийн засаг талаас нь л харж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
-Аливаа улс орон үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийнхаа асуудлаар тэр дундаа гадаад бодлогын асуудал дээрээ нэгдмэл нэг бодлоготой, нэг цонхны бодлогоор хандах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл гадаад бодлогынхоо хүрээнд Засгийн Газар, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч нэг цонхны бодлогоор нэг үг дуутай, нэг бодлоготой, нэг амаар дуугардаг ёстой. Яагаад вэ гэвэл гадаад бодлого нь тухайн улс орны эдийн засаг, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалтай шууд хамааралтай асуудал учраас хариуцлагатай хандах учиртай. Аль нэг институцийн бодлого гэж байх ёсгүй, Монгол Улсын нэгдмэл бодлого энд үйлчлэх ёстой.
ШХАБ-ийн хувьд Монгол Улс ажиглагчийн статустайгаар оролцоод 14 жил болж байна. ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдгийг өмнө нь “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлж ирсэн. Зарчмын хувьд ШХАБ-д орох нь МУ-ын гадаад бодлоготой нийцэхгүй. ШХАБ чинь НАТО-гийн эсрэг зогсох зорилготой байгуулагдаж байсан цэрэг, улс төрийн байгууллага. Хэрэв гишүүнээр орох эсэх асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа бол ямар давуу, сул талуудтай, яагаад Монгол Улс одоог болтол ажиглагчаар оролцож, анхааралтай ажиглаж ирсэн гэдгийг нухацтай үнэлж цэгнэж байж шийдэх асуудал.
Ш.ЧИМЭГ