СХД-ийн 25-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээлээ
2011.11.11

СХД-ийн 25-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээлээ

Өнөөдөр СХД-ийн 25-р хороонд канад технологиор баригдсан 100 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээлээ. Энэхүү  цэцэрлэг нь нийслэлийн захын хорооллуудад канад технологиор баригдаж байгаа цэцэрлэгүүдийн анхных нь юм. Тус цэцэрлэгийн нээлтэд  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэл хотын хүн ам эрчимтэй өсөж байгаа энэ үед канад технологийн модон цэцэрлэг нь хямд өртгөөр богино хугацаанд баригддаг нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд үлэмж ач холбогдолтой юм. 100 хүүхдийн тоосгон цэцэрлэг 600 орчим сая төгрөгөөр баригддаг бол канад цэцэрлэг 350 сая төгрөгөөр баригддаг байна. Үнэ өртгийн ийм давуутайгаас гадна канад цэцэрлэгийг богино хугацаанд ердөө 3-4 сарын дотор л барих боломжтой.

Тэрчлэн ийм цэцэрлэгийн өөр нэг давуу тал нь дулаанаа маш сайн хадгалдаг, галд болон газар хөдлөлтөд тэсвэртэй,  хүүхдэд ээлтэй материалаар баригдсан байдаг. Одоо нийслэлийн захын хэд хэдэн дүүрэгт тухайлбал Хонхор, Тахилтад канад технологийн модон цэцэрлэгүүд баригдаж байгаа бөгөөд удахгүй үүдээ нээх гэж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр ирэх онд канад технологиор 40 цэцэрлэг барих бөгөөд үүний 19 нь нийслэлд бусад нь хөдөө орон нутагт баригдах юм. Харин нийслэлд баригдах 19 цэцэрлэгийн суурийг энэ онд багатааж цутгах байсан ч техникийн нөхцөлөө холбогдох газар нь одоо болтол өгөхгүй байгаагаас цэцэрлэг баригдах хугацаа хойшлоход хүрээд байна. Ер нь нийслэлд сургууль, цэцэрлэгийн барилга барих газар олдохгүйд хүрээд байгаа нь сургууль цэцэрлэгийн суудлын тоог нэмэгдүүлэхэд хүндрэл учруулж байгаа асуудлын нэг болооод байгаа билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.