Эх оронч түшээ
“Би 1975 онд Герман руу сургуульд сурахаар явахдаа хил дээр зогсоод нэг чулуу авч өвөртөлсөн юм. Тэр үед хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ хэмээн шүлэглэсэн их зохиолч Д.Нацагдоржийн шүлгийн тансаг мөр цээжинд орж ирэн сэтгэл минь хөдөлж, эх орноороо бахархаж, чи эх орондоо өртэй хүн шүү хэмээн өөртөө хэлж байж билээ”. Энэ үгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эх оронч төрийн түшээ”-гээр хоёронтаа шалгарч, өргөмжлөлөө гардаж авахдаа хэлсэн юм. Түүний төр түшилцэх монгол ухаан нь зөвхөн эх орныхоо төлөө сэтгэлээ чилээж, үзэл бодлоо уралдуулж байдагт оршино. Уудам тал нутагт заяасан газрын их баялгаа байгальд ээлтэй байдлаар ашиглаж, ард түмэндээ шударга хуваарилах нь энэ улсын эрхэм зорилго байх ёстой гэж тэрээр үздэг.
Эцэг, өвгөдөөс өвлөж ирсэн онгон дагшин байгальдаа хүйтэн сэтгэлээр хандаж, харийнханд хайр найргүй онгичуулахыг хэрхэвч тэвчдэггүй билээ. Үнэн үг, байр сууриа эрх баригчид, шийдвэр гаргагчдын чихэнд байнга дуулгаж, сануулж, ард түмний дуу хоолой болсоор ирсэн. Тэр нь ч үр дүнд хүрэх нь олонтаа. Оюу толгойг гадныханд найр тавьж өгсөн асуудлыг тэр анхнаас нь шүүмжилж, Монгол Улсын, монгол хүний эрх ашигт нийцсэн гэрээ хэлэлцээ байгуулахыг үргэлж шаардсаар ирсэн юм. Дарга нарын тохироогоор нэгэнт эцэслэсэн гэрээний алдааг засуулж, ард түмэнд ашигтай болгохын төлөө эрхтэн дархтнуудаас айж хулчийлгүй үгээ хэлж байв. Ерөнхий сайдад бичиг хүргүүлж байлаа.
Тэр ч хэрээрээ түүний болоод хамт тэмцсэн нөхдүүдийн тэмцэл үр дүнгээ өгч, Оюу толгойн гэрээнд байсан алдаа завхралын нэгээхэн хэсгийг засуулсан нь бодит үнэн. Цаашид сайжруулах, өөрчлөх зүйл бий.
“Зууны мэдээ” сонин, TV-9 телевиз эх орон, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, байр суурьдаа үргэлж үнэнч явдаг “Эх оронч төрийн түшээ”-г 2010,2011 онд тодруулсан билээ.
Энэ хүндтэй өргөмжлөлийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хоёронтоо гардан авсан юм. Энэ нь түүний тууштай эх орончийг бататгах биз ээ. Цөөн хэдэн сэтгүүлчийн үзэмжээр эх оронч түшээдийг шалгаруулдаг юм биш. Монгол түмний олонхийн саналаар эх оронч түшээдийг тодруулдаг билээ. Эх орныхоо нэг ч чулууг харьд алдахыг хүсдэггүй, улсаа харамлаж, хайрлаж явдаг түүний эрхэм чанарыг ард түмэн олж харсан, ойлгосон учраас л түүнийг ийнхүү өргөмжилдөг ажгуу.