О.Баасанхүү: Би Эрдэнэтчүүдээ өмөөрнө, Эрдэнэт хотоо хамгаална
УИХ дахь МАХН-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзаж доорхи ярилцлагыг авснаа хүргэж байна.
-Таныг хэвлэл мэдээллийнхэнд зориулан мэдээлэл хийх гэж байгааг дуулаад яарсаар ирсэн ч хоцорчихлоо. Сая хийсэн мэдээллээ дахин тайлбарлаж өгөхгүй юу?
-Та бүхэн сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудыг ерөнхийд нь сайн мэдэцгээж байгаа шүү дээ. Эдгээрийг дэлгэрүүлж тайлбарлавал нэгдүгээрт Швейцарийн асуудал байна. Энэ ч үүднээс би саяхан Швейцарь руу айлчлалаар яваад ирсэн. За тэнд 72 сая ам доллартай холбоотой, тэр их мөнгө оффшорт байгааг тодорхойлон ярилцсан. Энэ асуудлаар АТГ болон Улсын прокурорт албан бичиг өгч “Энэ асуудлыг нарийвчлан шалга. Ийм компани байдгийг хилийн чинадад дэлгэрүүлэн ярьж байна” гэдгийг тайлбарлан бичсэн байгаа.
Хоёрдугаарт юу ярьж байна гэвэл “Стандарт” банкны асуудал босч ирж байна. Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр юу босч ирж, ямар зүйл яригдаж байна вэ гэвэл энд холбогдсон 109 сая ам долларыг Эрдэнэтчүүд төлөх ёстой юмуу гэдэг асуудал яригдаж байгаа. За энэ асуудлыг би бас хөндөн тавьж зарим нэг ноцтой асуудал болсон байж магадгүйг ярьж байгаа. Тэр нь юу вэ гэвэл дээрх 109 сая ам доллар нь 30 саяар зарагдсан байж магадгүй болчихоод байгааг шалга гэдэг асуудал тавьсан байгаа. Тэгээд энэ асуудлыг шалгах ажлын хэсэг өнөөдөр байгуулагдаж байх шиг байгаа юм.
За дараа нь Оюутолгойн эргэн тойронд үүсээд байгаа олон асуудал байгаа. Миний хувьд Оюутолгойн ажлын хэсгийн гишүүн болсноор хамгийн түрүүнд Засгийн газарт тавьсан шаардлага бол Ажлын хэсгийн гишүүний хувьд маш тодорхой мэдээлэл шаардаж авах шаардлагатай байгаа тул ТУЗ-ийн гишүүдийг чадваржуулах, ядаж л Англи зэрэг гадаад хэл устай хүн байх ёстой гэсэн зүй ёсны шаардлага тавьж байгаа. Тэр ч утгаараа өнөөдөр Н.Багабанди гэдэг нөхрийг ТУЗ-өөс нэн даруй чөлөөлнө үү гэдэг хүсэлтээ гарган явуулж байгаа. Дээрээс нь юу байна гэвэл Оюутолгой дээр С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт зэрэг товаришуудын хэрэг мөрдөгдөж эхлээд байгаа. Энэ дээр тодорхой хэмжээний нөхцөл байдлуудыг судлаад, шалгах ёстой, хийх ёстой гэдэг зүйлүүд яригдаж байна.
-Ингэхэд өөрийн тань харьяалагддаг МАХН-д ямархуу шинэчлэл хийгдэж, үйл ажиллагаа нь хэрхэн тогтворжиж байгаа бол?
-Энэ асуудлыг ярьвал өнгөрсөн 12 дугаар сард манай намын II дугаар Их хурал болох ёстой байсан юм. Энэ хурал нь найман жил хийгдээгүй учир дээрх хурлыг зохион байгуулж хийе гэдэг асуудлыг олон нийтэд хандан тавьж байсан юм. Тэгээд ямар ч байсан “Үнэнээр явбал Үхэр тэргээр туулай гүйцнэ” гэгчээр их хурал хийгдээгүй юм байна гэдэг нь тодорхой болоод байсан л даа.
Тэгээд II Их хурлаа 12 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийх гэж байтал Гантамир гэгч үл таних залуу над руу “Манай ТББ-д 30 сая төгрөг өгөөч ээ” гэх мессеж бичсэн. Би хариуд нь “Тийм зүйл байх боломжгүй. Чи мессеж бичиж, утсаар ярьлаа. Гэхдээ чи намайг Онц хүнд гэмт хэрэгт гүтгэх гэж байгааг чинь мэдэрлээ. Тэгэхээр чи бид хоёрын дунд өөр яриа байхгүй” гэдгийг хэлсэн. Яагаад гэвэл бусдаас онц их хэмжээний хээл хахууль авахаар оролдсон гээд АТГ-т өгсөн. Мөн тухайн үед Үндсэн хуулийн Цэцэд өглөө гээд эд нар хэвлэлийн хурал хийж байсан. Харин Үндсэн хуулийн Цэцээс “Энэ бол Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн шийдвэр гарч байсан юм.
Тэгсэн чинь сая Д.Гантулгын асуудал орж ирсэн. Тэгэхээр нь би “Наадах чинь хуулийн хувьд болохгүй ээ. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц МАН-ын ч юмуу даалгавараар ямар ч гэсэн Ерөнхий прокурорын тодорхой заалтыг байхгүй болгочихсон байна” гэдгийг нь хэлж байсан. Өмнө нь бас юу болж байсан бэ гэвэл нэг УИХ-ын нэг гишүүн Засгийн газрын тодорхой гишүүдэд хяналт тавьдаг байсан заалтыг бас л байхгүй болгоод хаячихсан байсан.
Яг тухайн үед С.Баярцогтын асуудлыг өргөн барьж байхад Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн гар хөл болоод, хуулийг завхруулаад л явж байсан юмдаг. Тухайн үедээ Ч.Сайханбилэг болон С.Баярцогтыг миний бие мэтгэлцээнд дуудаад Дубайн гэрээ болон Эрдэнэтийн 49 хувийн асуудал зэрэг дээр ямар ч байлаа гэсэн үнэнээ хэлцгээж хоёулаа мэтгэлцье гэж миний бие уриалж байсан юм. Хэрвээ тухайн мэтгэлцээнд би ялагдвал УИХ-ын гишүүнээс 24 цагийн дотор татгалзах өргөдлөө ч өгье гэдгээ хэлж байлаа. Түүнийгээ би “Энэ асуудлыг Монголын ард түмэн харж хэнийх нь буруу зөв гэдгийг шүүн тунгаацгааг” гэдгээ ч хэлж байсан юмдаг.
Харамсалтай нь С.Баярцогтын асуудлыг өргөн барихад Үндсэн хуулийн Цэц дээр тэрхүү заалт байхгүй болоод 570 гээд бөөн яриа болж байлаа. Тэгээд ийм хуулийн заалтгүй болчихсон болохоор С.Баярцогтод хариуцлага тооцож чадаагүй. Мөн Ч.Сайханбилэг нь мэтгэлцээнд ирээгүй. Тэгээд Монголын ард түмэн АН болон МАХН-д дүнгээ тавьсан юмдаг. Одоо ч эдгээр намууд шинэчлэгдэх ёстой гэдэг асуудлыг миний бие ярьж байгаа. Тэгэхээр өнөөх Үндсэн хуулийн Цэц дахиад л улстөрчдийн гар хөлөөр Үндсэн хууль зөрчөөгүй асуудлаар Дунд суудлынхаа хуралдаанд бэлдэж байгаа юм билээ.
-Тэр нь чухам ямар асуудал юм бол?
-Би хууль зөрчөөгүй асуудал гэж яагаад онцолж байна вэ гэвэл МАХН-ынхан Төрийн ордонд хурлаа хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн гээд байгаа. Гэтэл Иргэний зориг, Ногоон нам хоёр нэгдэх хурлаа, тэгээд цааш нь АН, МАН-ынхан ч Их хрулаа төрийн ордон л хийж байсан шүү дээ. Гэтэл МАХН яагаад их хурлаа төрийн ордонд хийж болдоггүй юм, тийм биз дээ. Энэ бол нэгдүгээр асуудал. Харин хоёрдугаарт энэ төрийн ордныг чинь өмчлөгч нь би биш шүү дээ.
Зөвшөөрөл өгөх ёстой хүмүүс нь зөвшөөрлөө өгсөн болохоор нь л хэм хэмжээнд нь тааруулаад л хурлаа хийсэн. Тэдний шаардсанаар согтуу хүн ганцыг ч оруулаагүй. Мөн ёслолын хувцастай ирэхийг шаардсан зэргээр тэдний бүх л шаардлагыг биелүүлэн ажилласан байгаа. Харин энэ хурлыг хийлгэхгүй гэсэн хүмүүс болохоор дээрх шаардлагуудыг зөрчөөд, Гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргаад зарим нэг нь хариуцлага үүрээд л явж байгаа.
Тэгэхээр манай энэ залуучууд улстөрчдийн гар хөл болоод, хэдэн төгрөгт нь явдаг ч юм уу хаашаа юм, одоо өөрөөр юу гэдэг юм. Иймэрхүү байдал үүсгээд байгаад нь би их харамсаж байгаа. Яагаад гэхээр маш том ноцтой асуудлуудын үзүүрээс зуураад, эдгээрийг цааш нь хөөж ард гаръя гэхээр, Эрдэнэтчүүдийнхээ бүрэн төлөөлөл нь болоод 49 хувийг зарсан асуудлыг ярьсаар байгаад болготол өнөөх улстөрчид нь хуйвалдаад Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгөх боломжгүй болгочихсон.
Одоо би Эрдэнэтийн 51 хувийн араас явж байна. Гэтэл бас л өнөөдөр тэрхүү 51 хувийг алдахаар болчихоод байгаа. Тэгэхээр би Эрдэнэтчүүдээ өмөөрнө, Эрдэнэт хотоо хамгаална. Тэгээд л би Эрдэнэтээ хамгаалж, ард түмнийг нь өмгөөрч явна. Ингээд өмөөрснийх нь төлөө янз бүрийн улстөрчид дайралт хийсээр байвал эр зоригтой тэмцэл явуулна. Тэмцэхдээ бид Үндсэн хуулийн Цэцийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахын төлөө Өлсгөлөн зарлана. Бид нар үүдэнд нь очиж суулт хийнэ.
Тэнд очиж зарим нэгэн хүмүүсийг нь хууль хяналтын байгууллагуудаар шалгуулна. Яагаад өнөөдөр УИХ-ын гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад зүгээр нэг улстөрийн үхдэл болчихсон гэж хэлж болох хүний гар хөл болсон этгээдүүд янз бүрийн дарамт шахалт үзүүлээд байдаг юм.Үүний эсрэг бид зоригтой тэмцэл өрнүүлнэ.
-АТГ-ын дарга Энхжаргал Ерөнхийлөгчийн шаардлагын дагуу гайгүй ажиллаад эхлэх шиг боллоо. Тухайлбал өчигдөр орой 22.00 цагийн үед Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шинэ Ганц буюу 461 дүгээр ангид саатуулсан гэнэ. Эдгээр хүмүүсийг яг хууль зүйн дагуу шударгаар шүүж, хэргийг нь шийдвэрлэж чадах болов уу, аль эсвэл 72 цаг хорьсон болоод тавиад явуулчих болов уу?
-Тэднийг шударгаар шүүж, хэргийг нь үүрүүлж яагаад ч чадахгүй. Шоронд 72 цаг суулгана уу, жил болгоно уу, 5-10 жилийн ял өгнө үү тэдний хийсэн хэргийн үнэнийг тогтоож яагаад ч чадахгүй. Үнэнийг тогтооно гэвэл Үндэсний аюулгүй байдлын шийдвэр хэрэгтэй. Харин сая Үндэсний аюулгүй байдлын шийдвэрийн дагуу АТГ хөдлөх шиг болсон. Тэгэхээр эхлээд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрыг шалгах ёстой юм л даа. Тэд нар өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын тэргүүн байцгаасан гэдгээрээ Үндэсний аюулгүй байдалд ихээхэн хор хохирол учруулсан тогтоол баталцгааж байсан нь үнэхээр буруу шүү дээ.
Одоо Н.Энхбаяр дарга гэхэд л Монгол төрийн эсрэг Гэмт хэрэг хийгээд л харайлгаж явна шүү дээ. Би тэрхүү Гэмт хэрэгт нь үнэхээр харамсаж яваа. Яагаад төрийн эсрэг гэмт хэрэг гэхээр Үндсэн хууль баталчихсан намаараа одоо гарынх нь үсгийг зуруулна гээд харайлгаж яваа нь үндсэндээ Гэмт хэрэг шүү дээ. Эрүүгийн хуулинд “Үйлдлээр болон эс үйлдлээр” гэсэн заалт байдаг. Тухайлбал “Хүч хэрэглэх болон хүч хэрэглэхгүй замаар, Хууль бусаар төрийн эрхийг авах нь Гэмт хэрэг” гэсэн заалт байдаг.
Энэ рүү Н.Энхбаяр дарга явж байгаад би үнэхээр их харамсаж байгаа. Түүнд нь бензин өгч байгаа зарим нэгэн эрх мэдэл бүхий хүмүүсийг хараад үнэхээр гутарч байна. Тэгээд Монголын төр, Монголын хувь заяа асар их гэдгээр харах л болно доо.
-Өчигдөр хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулгыг УИХ-аас чөлөөлөх нь хууль зүйн мухардалд орчихсон. Гэтэл УИХ-ын бас нэгэн гишүүнд Эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа гэсэн. Энэ талаар өөрөө ямар бодолтой яваа вэ?
-Түүний тэр Ц.Нямдоржоос өөрөөс нь асуух хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хэнд ч Эрүүгийн хэрэг үүсгэж чадна шүү дээ. Таван удаа Хууль зүйн сайд хийхдээ өчнөөн хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн, хэлмэгдүүлж байсан нөхөр л дөө. Хамгийн сүүлд Н.Энхбаяр даргын хөлийг нь гозолзуулаад хар өглөөгүүр гэрээс нь баривчлуулж байсныг Монголчууд бараг бүгдээрээ харсан биз дээ. Тийм болохоор Ц.Нямдорж хэнд Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр захиалга өгсөн юм түүнийг өөрөөс нь асуух хэрэгтэй л дээ. Тийм хэрэг үүсгээд, мөрдөгдөөд явж байгаа бол захиалгатай, зохион байгуулалттай байна гэж л би хардана.
-Д.Гантулга хүчин хийсэн гээд өнөөх хүүхнийх нь эгч байн байн мэдэгдэл хийгээд хариуд нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга М.Оюунчимэгээс эхлээд “Д.Гантулга хүчин хийгээгүй. Харин өөрөө хүчиндүүлсэн” гэж яриад яваа. Энэ талаар юу хэлэх вэ?
-За энэ балай юмны талаар надад мэдэх зүйл алга. Тэгээд ч надад наадахаас чинь хамаагүй их хэрэгтэй, уншиж судлах маш их ажил хэрэг байна. Наадах чинь надад сэдэв биш. Харин надад хамгийн том сэдэв бол Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49-51 хувь, Эрдэнэтийн иргэдийн асуудал гээд маш олон ажил байна. Энэ нэг юмны Гэмт хэрэг хуучрахгүй л дээ. Үнэхээр буруутай бол 1-2 жилийн дараа ялаа үүрээд л явна шүү дээ.
-Эрдэнэтийг “Стандарт” банкинд тавьж Монгол Улсыг 120 сая ам долларын өрөнд оруулчихаад байгаа “Жаст”-ын Ш.Батхүү шоронд бие нь муудаад хариугүй байгаа гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүдэд тодорхой мэдээлэл ирж байна уу?
-Миний хувьд Ш.Батхүүг шоронд хориод хэрэггүй л гэж бодож байгаа. Таваас зургаан жил шорон оронд нь хийгээд асууж тодруулах зүйл байсан бол асуугаад тодруулчихсан л байгаа шүү дээ. Одоо тэр бусад этгээдүүдийг нь хорьж цагдаад шалгах хэрэгтэй шүү дээ. Анх Хадгаламж гээд төрийн банк байсан л даа.
Тэгээд тэрний адармаатай хувьчлалаас эхлээд шалгах цаг нь болчихсон шүү дээ. Яаж яваад “Жаст”-ын Ш.Батхүүд очсоныг нь одоо шалгах ёстой. Одоо бол ер нь Ш.Батхүүтэй холбоотой нь дуусчихаад байгаа гэж ойлгогдож байгаа. Тэгэхээр одоо бусдыг нь нарийвчлан шалгах цаг болчихсон. Гэхдээ Ш.Батхүүг хариуцлагаас мултлах ёстой гэж ярьсан зүйл огт байхгүй шүү.
-Өөрөө сая Швейцарьт ажиллаад ирж. Тэнд Эрдэнэтийн асуудлыг юу гэж ярьж байх юм. Одоо ер нь Эрдэнэтийн ард түмэн болон уурхайчдын гомдол, цөхрөлийг хэрхэн барагдуулах ёстой юм бол?
-Энд хэлэхэд Эрдэнэт үйлдвэр “Стандарт” банкинд мөнгө төлөх ёсгүй. Тэр мөнгийг нь буруутай этгээдүүд л төлөх ёстой юм. Тэр этгээдүүдэд маш их мөнгө, хөрөнгө нуугдаж байгаа. Хамгийн эхлээд “Байцаа Баяраа” гэх этгээдээс шалгаад явчих хэрэгтэй юм. Би одоо хоригдож байгаа Баярааг хэлээгүй шүү. Огт өөр нэгэн этгээд өнөөдөр зүв зүгээр л явж байна. Миний бие хоёр дахь удаагаа парламентийн гишүүн болоод явж байна.
Өмнө нь намайг зүгээр ажлаа хийгээд явж байхад хаанаас ч юм нэг этгээд гарч ирээд л 10 тэрбумыг нэхлээ гээд л гүтгэж байсан. Үнэндээ маш зовлонтой юм билээ. Тэр бол шинэхэн улстөрч байхад болсон явдал. Гэтэл өнөөдөр МАХН-аа шинэчлье гээд явахад “Мөнгө хүчтэй юу, гишүүд нь хүчтэй юу” гэдэг л орон зай үүсчихээд болж өгөхгүй байна.
МАХН бол гишүүд дээрээ суурилсан нам болъё гэж тэмцсэн. Тухайн үед миний бие “Албан тушаал хүчгүй, ард түмэн хүчтэй” гэдгийг ч хэлж, тайлбарлаж явсан. Үнэндээ ард түмэн гэдэг чинь манай МАХН-ын гишүүд, одоо байгаа нийт сонгогчид, жирийн иргэд л шүү дээ. Бид албан тушаалд дулдуйдахгүй явъя гэж ихэд хичээсэн. Гэтэл харамсалтай нь 2012-2016 онуудад тодорхой албан тушаалд очсоноо дулдуйдаад улсад Онц их хэмжээний хохиролыг нэр бүхий сайдууд нь учруулчихсан л даа.
Одоо тэдгээрийг засч эмхлээд цоо шинээр багаар орох ёстой болохоос биш МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэгдэж яваа Б.Тулга шиг төрсөн ахыгаа гадаад руу хөөж явуулчихаад албан тушаал хөөцөлдөж явааг нь харахаар үнэхээр ичгүүртэй харагддаг. Тэр нөхөр уг нь ахыгаа аваад ирж болно шүү дээ. Ахаараа барьцаалж авбан тушаал руу шуналтаж яваа тэр нөхөр өнөөдөр сайд хийгээд төрийн сэнтийд заларвал үнэхээр аймшигтай юмнууд болно. Яг үнэндээ төрсөн ах нь тэнд зовж яваа л даа.
Хүүхэд нь 6-7-хон сартай гэж байгаа. Би бичлэгийг нь үзэж л байсан. Би ахтай нь хамтдаа хоол идэхэд “Өмгөөлөгч өө намайг энэ улстөрчид алчих вий дээ” гээд ихэд айгаад ярьж л байсан. Гэтэл өнөөдөр дүү нь ахыгаа гадаадад цөлчихөөд санаа амар давхиад л явна. Гэтэл хөөрхий аав ээж нь их л шаналж яваа шүү дээ. Одоо бүр ойрхон хамаатан нь манай хуучин Ерөнхийлөгчийн хуурай дүү Пүрэвдорж гээд нөхөр байж л байна шүү дээ. Яг үнэндээ Б.Тулга гэгч нөхөр албан тушаалын донтой болчихсон болохоор ахыгаа мартчихаад л харайлгаад явна.
Иймэрхүү балай юмнууд их байгаа болохоор МАХН-ыг шинэчлье гэж зориглон хөдөлсөн юм. Тухайн үед МАН болон АН-аас ч “Танай намд оръё. Чи зоригтойхон хөдлөөч” гэсэн хүмүүс олон байсан юм шүү. Эрдэнэт хотод гэхэд л өнөөдөр ч гэсэн зөндөө хүмүүс байж л байна. Багаар бодоход “Танай намд оръё. Зоригтой шинэчлэл хийгээч “ гэсэн хүмүүс Монголын 21 аймагт байгаа юм шүү.
Гэхдээ би одоо Н.Энхбаяр даргатай хэзээ ч хамтрахгүй. Яагаад гэвэл тэрээр 5-5 жилийн төлөвлөгөөтэй юм шиг таарсан хүн болгоноо өшиглөөд явуулчихдаг. Тэгээд эр хүн шиг салахгүй араас нь маажиж, малтаж, доромжилж, гутааж бүх л аргаа хэрэглэдэг хүн.
Тухайлбал 1980 оноос С.Баяртай найзалсан бол өнөөдөр шулуухан дайснууд болчихсон. Дараа нь 1990 оноос Ц.Элбэгдоржтой найзалсан бол өнөөдөр бас л дайсан болчихсон. Түүнээс хойш М.Энхболд, Г.Шийлэгдамба нартай найзалж байгаад цаг нь болохоор өшиглөөд, хэрэгт унагаад хөөгөөд явуулсан. Өнөөх З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар нь ч байхгүй болсон. Ингэж болохгүй л дээ. За хоёулаа ингээд яриагаа дуусгая даа.
-Өөрөө Оюутолгойн шалгалтын багт орсон байна лээ. Ажлаа юунаас эхлэх гэж байна?
-Би өөрөө хуульч хүний хувьд тэр ширээн дээр байгаа олон хавтас материалтай сайтар танилцахаас ажлаа эхлээд сууж байна. Судалж үзэх асуудал маш их байгаа. Мэдээж энд мэргэжлийн баг ажиллуулна. Тэрхүү багийнхаа өгсөн дүгнэлттэй танилцаад цаашаа явна. Саяхан Австралийн Элчин сайдтай уулзахад “Оюутолгойн гэрээ Монголчуудад багагүй хохиролтой болсныг хүлээн зөвшөөрч байгаа.
Австралийн хөрөнгө оруулалттай гэдгээр нь Оюутолгойг цээжээрээ хамгаалах зүйл огт байхгүй. Надад бол Монгол Улсын бүхэл бүтэн төр байсаар байхад Олон улсын Валютын сан руу бичиг энэ тэр явуулсаар байгаа нь гайхал төрүүлж, онцгүй санагдаж байгаа” гэж байсан. Тэр утгаараа өнөөдөр гадаад болон дотоод нөхцөл байдлаараа Оюутолгойн бүх л нөхцөл байдлыг шалгахад хэн ч саад хийх ёсгүй. Саад хийж ч чадахгүй.
Харин хамгийн аймшигтай нь М.Энхболд болон С.Баяр нарыг Ерөнхий сайд байхад нь явуулж байсан хоёр төсөл байсан учир эдгээрийн хоорондох зодоон, өшөө авалт нь Монголоо хорлох гэсэн уралдаан байсан гэдгийг сайтар нягтлан шалгах ёстой болж байгаа юм. Энэ бүхэнд би ихээхэн харамсаж байгаа. Мөн С.Ганбаатар гэдэг нөхөр тухайн үедээ “Хэдүүлээ Тавантолгойг 100 тэрбумаар зараад мөнгөө авангуутаа өөрт чинь байшин, 5 сая төгрөг дээрээс нь цалин, тэтгэвэр өгье” гээд худлаа ярьж л байсан.
Яг үнэндээ Монгол Улсын Үндсэн хуульд “Байгалийн баялаг бол ард түмний өмч” гээд заачихсан байдаг л даа. Ингэхээр өмчөө ашиглуулаад ашгаа авах ёстой болохоос биш газар нутгаа хэн нэгэнд зарах юмуу, маш хохиролтой гэрээ байгуулаад тодорхой этгээдүүд хээл хахууль авч, баяжиж таарахгүй л дээ. Энэ мэтчилэн яриад байвал маш олон зүйл бий. Гэхдээ хоёулаа ярилцлагаа өндөрье дөө.
-За танд баярлалаа. Оюутолгойн шалгалтын ажилд тань амжилт хүсье.
-За за хийчээнэ ээ.
Д.Түвшин