Х.Нямбаатар гишүүн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид ил захидал илгээв
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2018.04.06

Х.Нямбаатар гишүүн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид ил захидал илгээв

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хаяглан захиа бичжээ. Тэрбээр захидалдаа:

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ ТАНАА

'Задарсан дээдсийн завхралыг жаахан ч гэсэн засах гэж яваа залуу хүний хувиар танд хандаж байна. Юуны өмнө та бид хоёрын дунд ямар нэгэн хувийн чанартай зөрчил байхгүй бөгөөд эрдэм номын хүний тань хувьд хүндэтгэн явдгаа энэхүү захидлынхаа толгойд учиглах нь зүйн хэрэг билээ.

Төр оршин буй цагт хууль, хууль буй дор хүмүүний амьдрал оршино. Амьдралын эргүүлэгт, үхэх төрөхийн өчүүхэн заагт нар үздэг нь хүмүүн бид. Өөрт оноогдсон энэ өчүүхэн зааг, цаг хугацааг эх орон, Монгол Улсад минь нүүрлэсэн зах замбараагүй завхралыг өчүүхэн ч гэсэн засч залруулахад зориулъя хэмээн бодож, зориглон хөдөлсөн нь аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхол нэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарлаа.

Нийгэмд бугшаад байгаа хууль, шүүхийн байгууллагын завхрал, шүүгчдийн ёс зүйгүй, увайгүй үйлдлийг зориг гарган илчилснийг минь тааламжгүй, дурамжхан, эсэргүүцэн хүлээн авч буй хэсэг бүлэг этгээдийн тэргүүн эгнээнд та морилж яваа нь Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад байж боломгүй ёс зүйгүй үйлдэл юм. Өөрөө л амьдраад болчих юм шиг өчүүхэн бодолтой хүмүүстэй нэгдэн нийлж нийгэмд худал хуурмаг мэдээлэл түгээж байгаа үйлдлийг тань хэрхэвч хүлцэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна.

Монгол улсын тусгаар тогтнол, ард түмний амь амьдралын баталгааг ханган, шударга ёсыг дээдлэн ажиллах учиртай хууль, шүүхийн байгууллагад бугшсан завхралыг засах гарц нь хууль, шүүхийн байгууллагыг цэвэр ариун байлгах явдал. Эл зарчмыг үл гажуудуулахын тул би танд хандан мөн олон нийт бодит байдлыг эргэцүүлж, шүүн тунгаагаасай гэсэн үүднээс энэхүү ил захидлыг нээлттэй илгээж байна.

Та 2013 оноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар ажиллаж эхэлснээс хойш 5 жил өнгөрч байна. Энэ бол хууль тогтоох байгууллагын нэг бүрэн эрхийн хугацаанаас урт  хугацаа. Энэ хугацаанд Монгол Улсын шүүх засаглалд ямар дэвшил шинэчлэл, ахиц  өөрчлөлт хийгдсэн бэ? Иргэдийнхээ дунд ямаршуухан үнэлэмж дүгнэлттэй байж, шударга ёсыг тогтооход ямар хувь нэмрээ оруулав гэдгээ Та ард түмэндээ хэзээ тайлагнах вэ? Харамсалтай нь, иргэдийнхээ өмнө шударга байх учиртай Шүүх зоосны өмнө хүчин мөхөсдөж, шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн баримт нотолгоо, мэдээллийн эх сурвалжууд толгой дараалан олон нийтэд ил болж байна.

Монгол Улсын шүүх, шүүхийн байгууллага, шүүгчид гаднын хөрөнгө оруулалттай ХААН банкны барьцаанд орж, ядарсан иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа, байсан нь илчлэгдлээ. Үүнийг Та Шүүхийн хараат бус байдлыг хангаж ажилласан гэх үү? Тухайлбал Монгол Улсын шүүхийн хараат бус байдал олон улсын байгууллагын судалгаагаар 137 орноос 110 дугаарт эрэмбэлэгдэж сүүл мушгилаа. Энэ бол инээдэм биш эмгэнэл.

Та болон таныг тойрон хүрээлэгчид ярьж байгаа шигээ шударга уу? Хадгаламжин дахь нэг тэрбум төгрөг, автомашины ослын тухай гээд тантай холбоотой, холбогдолтой таагүй мэдээлэл хөвөрсөөр байна. Түүгээр ч зогсохгүй Таны тарьсан балгийг чимээгүйхэн баллуурдсан хоёр хүнээ Та тэнгэрт тултал тэтгэсэн чинь худал уу? Нэхэн сануулахад 2011 онд үйлдсэн авто тээврийн ослоор оюутан охиныг дайрч амь насыг нь хохироосон хэргийг чинь шалгасан Замын цагдаагийн газрын мөрдөн байцаагч /тухайн үеийн албан тушаалаар/, тээврийн прокурор нар Таныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хэмжээгүй албанд томилогдсоны дараа шүүгч болон суга дэвшиж Таны ивээлд багтсан гэдгийг нэг бус хэвлэлээр дэлгэсэн. Үүнийгээ Та хэрхэн тайлбарлах вэ?

Албан тушаал, эрх ямба ярилгүй эр улсууд шиг учраа олъё. Надад баримт, Танд “андууд” байна. Олон баримт цааш нь дэлгэж оюун бодлыг чинь чилээлгүй түр энд хүрээд завсарлая. Олон жил хөвөрсөн завхарлын утсыг ээрч чадалгүй алдсан учгийг бас тайлъя. Монгол Улсад Таны яриад байгаа шиг шударга шүүх байгаа л юм бол албан тушаал гэдэг гоёлоо тайлаад нэг шалгуулчих. Ямар ч “но”, нотолгоо илрэхгүй бол Таны хэлснээр би уучлал гуйя! Харин “но”, нотолгоо илрээд намаг балчигт унахын цагт надаас биш Монголын ард түмнээс “багаараа” уучлалт гуйгаарай!

Монголын шүүхэд шударга ёс үгүйлэгдэх хамгийн том шалтгаан нь Та өөрөө юм. Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР” гэжээ.

Д.ТУЯА