2018.03.16

Ж.Бат-Эрдэнэ: Авто замын шинэ хуулиар баталгаат хугацаа 3 жил болсон

УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Bloomberg Mongolia TV телевизийн "Бизнесийн төв цэг" хөтөлбөрт оролцож, ярилцлага өгчээ. Тэрээр энэ онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд болон эдийн засгийн корредор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар хийсэн ярилцжээ.

-"Авто замын чанар, үр ашиг" сэдэвт зөвлөгөөн болж байна. Үүнээс ямар үр дүн хүлээж байна? Энэ онд үүнтэй холбоотой ямар ажлууд хийх төлөвлөгөөтэй байна?

-Авто зам гэж ярихаар чанар дагаж зайлшгүй яригддаг. Энэ дээр хэлэхэд Монгол Улсад авто замын стандарт байгаа. Авто замын стандарт, тэр тусмаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бий. Харин автозамын хийх, гүйцэтгэх явцад технологийн горимыг зөв мөрдөх тал дээр алдаа гаргаж, замын чанар алдагдаж байна. Зураг төсөл хийх, хүлээж авах, хүлээлгэж өгөх хүртэл процесст ямар алдаа гарч байгааг гаргаж ирэх ёстой.