Анхны хурдын замын ажил 60 хувьтай байна
2018.03.16

Анхны хурдын замын ажил 60 хувьтай байна

Автозамын салбарын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойлж шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх зорилготой Зам, тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр боллоо.

"Авто замын чанар-үр ашиг" сэдвийн дор болсон зөвлөгөөнийг нээж, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэлсэн.

Тэрбээр “Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2012 оноос хойш зургаан жилийн дараа зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр салбарын өмнө тулгамдаж буй асуудал, авто замыг төлөвлөхөөс ашиглах хүртэлх бүх үе шатны ажлын хариуцлагыг дээшлүүлэх, чанарыг сайжруулах асуудалд онцгой анхаарч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн авто замын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, гэрээний хариуцлага болон хяналтыг сайжруулах, замын барилга, засварын ажлыг стандартын дагуу, технологийг баримтлан хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна” гэв.

Энэ үеэр салбарын сайд долоон аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбосон гэдгийг хэлсэн. Мөн Монгол Улсын анхны хурдны зам болох Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км авто замын барилгыг ажлыг 2016 онд эхлүүлсэн бөгөөд уг ажил 60 хувьтай байгаа аж. Үүнээс гадна олон улс, улсын чанартай авто замуудын тэмдэг, тэмдэглэгээ, тоноглолын стандартыг хангуулах үүднээс энэ онд тэмдэглэгээжүүлэх аяныг зохион байгуулах аж.