Хан-Уул дүүрэгт “Чадварлаг алба хаагч” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа
2018.03.06

Хан-Уул дүүрэгт “Чадварлаг алба хаагч” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс нийслэлийн 9 дүүргийн замын цагдаагийн алба хаагчид дунд “Чадварлаг алба хаагч” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

2018 оны гуравдугаар сарын 06-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг зохион байгуулахаар бэлтгэл ажил бүрэн хангаад байгаа бөгөөд энэ хүрээнд замын цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сорьсон “Чадварлаг алба хаагч” тэмцээний анх удаа санаачлан эхлүүлсэн юм. 

Хан-Уул дүүргээс нийслэлийн төв зам уруу чиглэх хамгийн ачаалалтай бүс болох 120 мянгатын 4 замын уулзварт мэргэжлийн уран чадварын шалгалтыг албаны хүмүүс авсан юм.

Тус тэмцээн нь Замын хөдөлгөөний дүрэм, Хууль эрх зүйн мэдлэг, Биет зохицуулалт гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд  тэмцээний эцсийн дүнгээр

  • 1-р байр Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Д.Давааням
  • 2-р байр Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаяр
  • 3-р байр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч У.Мөнх-Ундрал нар шалгарлаа.

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шагналыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө “Хамтдаа шийдье” зөвлөгөөн дээр шилдэг цагдаа зохицуулагч нарт гардуулах юм.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад дан ганц цагдаа зохицуулаад зогсох биш иргэдийн сэрэмжтэй байдал, тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарын анхаарал болгоомж чухал үүрэгтэй юм. Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-өөс мэргэжлийн уран чадварын “Чадварлаг алба хаагч”-ийг шалгаруулах тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм.