Хан-Уул дүүрэгт “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” нээлтээ хийв
2018.01.17

Хан-Уул дүүрэгт “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” нээлтээ хийв

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө шинэчлэн нээлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд  ИТХ-ын дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, алба, тасгийн дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тотмол үйлчилгээ авдаг бөгөөд Төрийн үйлчилгээний мэдээлэл лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, нотариат , кадастр, зурагчин, канон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй  төрлийн үйлчилгээ хүргэдэг. Эдгээр үйлчилгээ дээр даатгал нэмэгдсэн бөгөөд мөн  иргэдэд зориулан даралтын аппарат суурилуулсан. Шаардлагатай тохиолдолд иргэд өөрсдөө даралтаа хэмжих боломжтой болж байгаа юм. 

Үүнээс гадна иргэдэд зориулан ухаалаг самбар байрлуулсан. Энэхүү самбараар дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахад ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байна тэр бүхний мэлээлэл бүрэн харагдана. Түүнчлэн шаардлагатай бичиг баримтаа энэхүү ухаалаг самбараасаа шууд удирдан хэвлэн авах боломжтой юм.

Цаашид “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг дүүргийн хүн ам ихтэй хороодод эхлэн байгуулах юм. Эхний ээлжид хамгийн олон хүн амтай 3 хороог сонгож энэ хавраас "Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв" байгуулах ажлыг эхлэхээр төлөвлөөд байна.