2018.01.18

Д.Оюунхорол: Тусгай хамгаалалтай бүсэд амьдарч байгаа иргэдийн газрын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Тусгай хамгаалалтай бүсэд суурьшин амьдарч байгаа иргэдэд тус газрыг нь өмчлүүлэх, тусгай хамгаалалтаас гарах асуудалд ихээхэн анхаарч ажилласан билээ.

Энэ хүрээндээ өнгөрсөн онд тэрээр Хан-Уул дүүргийн IV болон XI хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1958 оноос хойш амьдарсан уугуул иргэд  газрын гэрчилгээг нь гаргаж өгч байсан. 

Өнөөдөр УИХ-ын чуулган дээр Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үед дээрх асуудлыг хөндлөө

Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутагт байгаа суурьшлын бүсийг тусгай хамгаалалтаас яаралтай гаргаж өгөөч. Энэ асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, хуулийн төслөө УИХ-д оруулж ирнэ үү" хэмээн хүссэн юмаа. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

"Улсын тусгай хамгаалалтай газар нутагт иргэдийн суурьшлын бүс үүсчихсэн хэд хэдэн газар бий. Тухайлбал, Хэнтий болон Өвөрхангай аймгийн зарим сумдын дийлэнх хэсэг ийм байдалтай байгаа. Иргэд нь газрын татвараа төлөх гэхээр тусгай хамгаалалтай газрын тухай хуулиар илүү өндөр татвар төлөх болоод байдаг. Тиймээс иргэд суурьшлын бүсийг тусгай хамгаалалтаас гаргаж өгөөч гэсэн хүсэлт их тавьдаг. Энэ асуудал одоогоор ямар нэг байдлаар яригдахгүй байна. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг нэгдүгээрт оруулж ирээч  гэж хүсмээр байна.

Мөн Хан-Уул дүүргийн Богд уулын ойролцоо нилээдгүй иргэд суурьшлын бүс үүсгээд амьдарч байна. Тухайн газар дээрээ 20-30 жил амьдарчихсан 7200 иргэд тухайн газраа өмчлөх эрхийг нь өнөөдөр хүртэл шийдээгүй байгаа. Газар ашиглах эрхийн гэрчилгээг олгочихсон байгаа. Энэ хүмүүс болон УИХ-ыг гишүүдийн хүсэлт тавьдаг. Тиймээс энэ асуудлыг яаралтай оруулж ирээч ээ.