Б.Бат-Эрдэнэ: Германд ТӨР, БИЗНЕС хоёр хатуу ЗААГТАЙ байх шалгарсан тогтолцоотой
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бичиж байна
Герман улсаас бидний үлгэр авууштай бас нэг сайхан зүйл бол төр бизнес хоёр хатуу заагтай байдаг шалгарсан тогтолцоо юм. Ийм учраас манайх шиг ашиг сонирхлын зөрчилтэй, зарчимгүй хүмүүс Бундестагт сонгогдох боломж огт байдаггүй бөгөөд зөвхөн бэлтгэгдсэн, хариуцлагатай төрийн албан хаагч, мэргэжлийн хуульч, нийгмийн зүтгэлтнүүд сонгогддог байна.
Фридрих Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч доктор Нийлс Хегевиш Монгол, Германы парламентын бүлгийн ахлагч Д.Тэрбишдагва болон тус бүлгийн хэд хэдэн гишүүнийг хүлээн авч улс төрийн намуудын төлөвшил, засаглалыг сайжруулах, улс төрчдийн хариуцлага, ёс зүй зэрэг сэдвээр өргөн хүрээнд санал солилцсон юм.
Тэрбээр хэлэхдээ "Танайд улс төрийн намуудын үзэл баримтлал, үнэт зүйлсийн үнэлэмж, зарчим маш чухал байна. Сонгуульд намууд асар их амлалт өгдөг учраас танай намын гишүүд үзэл баримтлал, зарчим, үнэт зүйлсийн тухай ойлголтоосоо их холдсон байна” гэж яриагаа эхэлсэн юм.
Тэрбээр цааш нь “Манай Фридрих Эбертийн сан танай намын боловсон хүчнийг сургах, улс төрийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт тусалъя. Ялангуяа Зүүний чиглэлийн (Социал Демократ) намын үнэт зүйл, үзэл баримтлалыг гишүүд дэмжигчдэд ойлгуулах ном сурах бичиг, гарын авлага бэлтгэж, энгийн ойлгомжтой зурагт ном, кино хийж болно. Мөн сургагч багш нараа сайтар бэлдээд намын анхан шатны байгууллага, идэвхтэн сонгуультнуудтайгаа ажиллуулах гэх мэт олон хэлбэрийн үр дүнтэй ажлууд хийж болохоор байна. Танай улс төрийн намуудад тохиолдож байгаатай ижил сорилт бэрхшээл Германы улс төрийн намуудад тулгарч байна.
Монголыг хариуцсан суурин төлөөлөгч, Др. Нийлс Хегевиш
Тухайлбал: Германы голлох хоёр нам Христосын Ардчилсан Холбоо нам (ХАХН), Германы Социал Демократ нам (ГСДН) их эвслийн Засгийн газрыг байгуулж ажилласан боловч хоёр намын нэр хүнд иргэд сонгогчдын дунд урьд өмнө байгаагүйгээр унасан. Энэ нь зарим талаараа намууд амлалтаасаа ухарсан, өгсөн амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой юм.
Ганц жишээ дурдахад, ХАХН- аас нэр дэвшигч А.Меркель 2005 оны сонгуулийн өмнө нэмүү өртгийн албан татвар (НӨАТ)-ыг нэг хувиар нэмнэ гэж зарласан. Манай ГСДН болохоор НӨАТ-ыг огт нэмж болохгүй гэж мэдэгдсэн. Харин сонгуулийн дараа Их эвслийн Засгийн газар хамтарч байгуулаад амлалтаасаа ухарч НӨАТ-ыг гурван хувиар нэмсэн.
Үүнийг өнөөдөр Германы иргэд сонгогчид мартаагүй байна.
Тийм учраас энэ оны есдүгээр сард болсон Парламентын сонгуулиар Социал демократ нам түүхэнд байгаагүй маш муу дүнтэй оролцлоо. ГСДН-ын рейтинг 29-өөс 20 хувь болж буурав. А.Меркелийн ХАХН-ынх бас адил 41-ээс 32 болтлоо унав.
Хоёр намын алдсан санал нийлээд 13-14хувь болж байна. Сонгуулийн үр дүн гармагц ГСДН энэ байдалд дүгнэлт хийгээд хариуцлагаа бүрэн хүлээж, хамтарсан Засгийн газарт орохгүй гэдгээ зарласан" гэсэн юм.
Bundestag, German
Уг нь сонгуулийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх дараах боломжит хоёр хувилбар байжээ. Энэ нь, нэгдүгээрт, Ангела Меркелиэр удирдуулсан ХАХН, ГСДН хамтран их эвслийг цааш үргэлжлүүлэх, хоёрдугаарт, ХАХН ба Бундестагт санал авч орж ирж байгаагүй либерал үзэл баримтлалтай Германы чөлөөт ардчилсан нам (ГЧАН) болон байгаль орчны төлөө Ногоон Нам (НН)-ууд хамтран Засгийн газар байгуулах боломж байжээ.
Харин энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуультай харьцуулахад ихээхэн чамлалттай дүн үзүүлсэн социал демократууд сонгуулийн үр дүн гарсан оройдоо засгийн эрхийг баригч эвслээс гарлаа гэдгээ зарласан байна. Ингээд ХАХН, ГЧАН, НН-ууд эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар дөрвөн долоо хоногийн турш хэлэлцсэний эцэст ГЧАН хэлэлцээрийг орхих болсноо зарласан аж.
Нийлс Хегевиш доктор энэ тухайд “Германы түүхэнд 1949 оноос хойш улс төрийн яг ийм нөхцөл байдал тохиолдож байсангүй” гэж онцлон хэлсэн юм.
Эндээс үзвэл, социал демократууд эвслийн Засгийн газарт орохгүй тохиолдолд ХАХН, ГЧАН, НН-ын эвслээс өөр Засгийн газар байгуулах хэмжээний олонх бүрдүүлэх боломж Бундестагт байхгүй юм байна. Гэхдээ өнөөдрийнх шиг Засгийн газар байгуулж чадахгүй мухардалд орсон үед ч засаглалгүй орон болчихгүй байх баталгааг Германы Үндсэн хуулиар найдвартай хамгаалж өгсөн байдаг аж. Энэ нь дахин сонгууль явуулах, эсвэл үүрэг гүйцэтгэгч Засгийн газрыг үргэлжлүүлэн дараагийн сонгууль хүртэл ажиллуулах явдал юм. Эхний буюу дахин санал явуулахыг Холбооны Ерөнхийлөгч дэмжихгүй байх магадлалтай гэнэ. Бас нэг онцлог гэж хэлж болох хувилбар нь цөөнхийн Засгийн газар байгуулах явдал юм.
Ер нь Германы Үндсэн хуулиар шинээр Засгийн газар байгуулах нь Засгийн газрыг огцруулахаас хялбар гэнэ.
Учир нь, Бундестаг цөөнхийн Засгийн газрыг унагахыг хүсвэл дараагийн шинэ Ерөнхий сайдыг нэр гаргаж тохирсон байх хуулийн заалттай юм байна. Энэ нь манайхан шиг “Хэнтэй ч хамаагүй нийлээд унагачихъя, дараа нь учир нь олдоно биз” гэдэг байдлаар биш, харин төрийн тогтвортой байдал, дархлаа, баталгаагаа хангах талаар нарийн зохицуулалттай байдгийн илрэл юм.
Нийлс Хегевиш доктор цааш нь “Герман улсыг улс төрийн хямралт байдлаас гаргах том эрх ашиг социал демократууд бидэнд байгаа боловч эвслийн Засгийн газарт орохгүй гэсэн амлалт байгаа. Улс төрчид, улс төрийн нам амлалтаасаа ухарвал дахин сэргэхээргүйгээр нэр хүнд нь унадаг хатуу тогтсон жишиг Германд бий” гэж онцлон хэлсэн юм.
Энэ нь парламентат ёс төлөвшсөн Герман улсын хувьд улс төрийн өндөр боловсролтой иргэд, сонгогчид нь улс төрийн намууд, улс төрчдөөс хариуцлагатай, өндөр ёс зүйтэй байхыг хатуу шаардахын хамт амлалтаасаа ухарвал, амлалтаа эс биелүүлбэл хариуцлага тооцсон шиг тооцож чаддагийг болон Үндсэн хуульд нь улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, ямар нэг байдлаар улс төрийн хямралт байдалд оруулахгүй байх зохицуулалтыг бүрэн тусгасан байдгийг харуулж байна.
Герман улсаас бидний үлгэр авууштай бас нэг сайхан зүйл бол төр бизнес хоёр хатуу заагтай байдаг шалгарсан тогтолцоо юм.
Ийм учраас манайх шиг ашиг сонирхлын зөрчилтэй, зарчимгүй хүмүүс Бундестагт сонгогдох боломж огт байдаггүй бөгөөд зөвхөн бэлтгэгдсэн, хариуцлагатай төрийн албан хаагч, мэргэжлийн хуульч, нийгмийн зүтгэлтнүүд сонгогддог байна.Төрийн албан хаагч Бундестагт сонгогдож ажиллаад дараа нь төрийн албанд эргэж орох явдал нээлттэй байдаг давуу байна.
Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг насан туршид нь хангасан байдаг тул тэд ашиг сонирхол, авлигаас ангид байдаг ажээ. Энэ бүхний ачаар Бундестагт сонгогдсон гишүүдийн дунд төрийн албан хаагчдын эзлэх хувь өндөр байдаг юм байна.
Энэ бүгдээс дүгнэн хэлбэл бид иргэд, сонгогчдоо биелэх, эс биелэх нь мэдэгдэхгүй сайхан амлалтаар өрсөлдөн хуурах замаар санал худалдан авдаг луйврын аргаасаа шийдвэртэйгээр салж, тэднийхээ улс төрийн боловсролыг ахиулахын төлөө улс төрийн намууд цаг алдалгүй хамтран ажиллах явдал нэн шаардлагатай байна.