МАН бүлэг: Шатахууны хомсдол үүсээгүй
2018.01.16

МАН бүлэг: Шатахууны хомсдол үүсээгүй

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны хомсдол үүсч нэр бүхий нефть импортлогч компаниуд борлуулалтаа зогсоосон. Мөн зарим төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн. Тэгвэл уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.

65-ын бүлгээс өгч буй мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар шатахууны ердийн хэрэглээний 41 хоногийн нөөц байна. Энэ нь шатахууны хомсдол үүсэх нөхцөл бүрдээгүй гэсэн үг юм. Шатахууны борлуулалтад хязгаар тогтоосон ШТС-уудыг шалгаж зохиомол хомсдол бий болгосон аж ахуй нэгжүүдэд захиргааны арга хэмжээ авах нь зүйтэй гэж МАН-ын бүлгээс үзсэн байна.

Шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд онцгой албан татвар, гаалийн албан татвар нэмэгдсэнээс нэг литр тутмын борлуулалтаас 300 төгрөгийн алдагдал хүлээж буй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэхүү мэдээлэл үнэн бодитой эсэхийг Засгийн газраас шалгаж байгаа гэж МАН-ын бүлгээс тайлбарлалаа.

Мөн онцгой албан татвар болон гаалийн албан татварын нэмэгдлийг эргэж харах талаар ОУВС-тай хэлэлцээр хийх асуудал МАН-ын бүлгийн хурлын үеэр хөндөгдсөн байна. Учир ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн цагаас хойш Монгол Улсын эдийн засагт сэргэлт бий болж экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ ханш олон улсын зах зээл дээр өссөн учир татварыг эргэж харах асуудлыг ярилцах нь зүйтэй гэсэн санал гарсан байна.