Д.Сумъяабазар сахилга, хариуцлага чангатгах албан даалгавар өглөө
2018.01.12

Д.Сумъяабазар сахилга, хариуцлага чангатгах албан даалгавар өглөө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яамны нийт ажилтнуудтайгаа уламжлалт өргөтгөсөн хурлаа хийлээ.

Хурлын үеэр сайд энэ он гарсаар салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулав. Мөн Ерөнхий сайдын төрийн байгууллагуудад өгсөн чиг үүргийн дагуу сайд Д.Сумъяабазар сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгаврыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд гардуулав. Үүнд авлигын хяналтыг сайжруулах, иргэдээ сонсч, төрийн албаны хариуцлагыг сайжруулах, ажлын байрны дэг журам болон төрийн албан хаагчийн хууль дүрмийг чанд сахих, төрийн байгууллагын бодлогын залгамж халааг үргэлжлүүлэх зэрэг 12 заалт тусгагджээ.

Түүнчлэн УУХҮ-ийн сайд “Миний бие 2017 оны 10 дугаар сарын 20-нд ажлаа авсан даруйдаа хэд хэдэн аймагт ажиллаж, салбарын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Харин он гараад газрын тосны чиглэлийн компаниуд манай улсын хууль дүрмийг баримтлаж байгаа эсэх болон үйл ажиллагаатай нь очиж танилцах болно. Дулаан орохоор алт олборлолт болон энэ чиглэлийн бичил уурхайчдын үйл ажиллагааг газар дээр нь очиж үзэх бодолтой байна” гэлээ.  Мөн тэрбээр энэ онд гадны хөрөнгийн зах зээл, алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг туршлагуудтай танилцахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг Монголд татах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлсэн юм.

Уг ажлын хүрээнд ирэх гурав, есдүгээр сард Монголд гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор форумыг зохион байгуулах, УУХҮЯ манлайлан оролцох ёстойг онцоллоо.