“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо
2018.01.12

“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр “ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж,  салбарын 2017 оны 12 дугаар сарын мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Мөн “Эрдэнэс Монгол”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар оролцов.

Уул уурхайн салбарын 2017 оны 12 дугаар сарын статистик мэдээлэл урьдчилсан дүнгээр

                       1.  Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2017 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 аж ахуйн нэгжтэй Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг  шинээр байгуулсан  бөгөөд улсын төсөвт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 4.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 2017 оны төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг давуулан биелүүллээ.

                         2.  Нүүрсний тоон мэдээлэл

Монгол Улс 2017 оны 12 дугаар  сарын  урдчилсан дүнгээр  47567,3  мян.тн нүүрс олборлож, 40728,63 мян.тн нүүрс борлуулснаас  33320,3  мян.тн нүүрс экспортод гаргаад байна.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 135,53%, борлуулалт 120,39 %, экспорт 129,1%-ийн  өссөн үзүүлэлттэй байна.

 2.1  Экспортын нүүрсний тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах тухай

Экспортын нүүрсний тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор "Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг Засгийн газрын 2017.11.29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 320 дугаар тогтоолыг батлуулсан билээ.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017.12.12-ны өдрийн А/233 дугаар тушаалаар нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан газар дээр нь очиж ажиллаж, зам дээрх ачааллыг байхгүй болгосон.

 2.2 Налайхын нүүрсний уурхайнуудын талаар

2.2.1  Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай №322-А/242 тоот хамтарсан тушаалын дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж байна.

 2.2.2   Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/02 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу газар дээр нь үзэж танилцаж байна.

- Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулын ажлын технологийн хэрэгжилтийн байдал, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа эсэхийг шалгаж, цуцлах хүртэл арга хэмжээ авах;

 - Тусгай зөвшөөрлийг цуцлуулах эсэх талаар санал боловсруулж, цуцалсан тохиолдолд гарах үр дагаварыг тооцож авах арга хэмжээний санал боловсруулах.

2.2.3  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 308 тоот тушаалын дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох явдлыг таслан зогсоох, санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж байна.

3.Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 8.1 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлож экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд “2017 оны төсвийн тухай” хуулиар  борлуулалтын орлогоос улсын төсөвт 191,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй болно.

2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 7.62 сая баррель /1.03 сая тонн/ газрын тос олборлон 7.50 сая баррель /1.02 сая тонн/ газрын тосыг экспортолж, улсын төсөвт 198 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төсвийн орлого 103.2%-ийн гүйцэтгэлтэй байна. Тус яамны зүгээс “2017 оны төсвийн тухай” хуулиар хүлээсэн үүргээ давуулан биелүүлээд байна.

2018 онд 8.1 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлож,223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 01 дүгээр сарын 09-нийбайдлаар 58.4 мянган баррель /7927 тонн/ тос олборлож,64.5 мянган баррель /8741 тонн/ экспортлоод байна.

3.1.“Төрөөс газрын тосны салбарт 2027 он хүртэл баримтлах бодлого”-ын төсөл боловсруулж байна

Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх замаар газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгох “Төрөөс газрын тосны салбарт 2027 он хүртэл баримтлах бодлого”-ын төсөл боловсруулах  ажлын хэсэг ажиллаж байна.

 3.2.  Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2017 онд нийт 1,5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь 2016 онтой харьцуулахад 271,3 мянган тонноор буюу 22,1 хувиар өссөн байна.

2018 оны 01 дүгээр сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 41 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 67, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.

                                             4. “Алт-2” хөтөлбөр:

“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх оны арга хэмжээний хүрээнд алтны сэдэвчилсэн судалгааг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг эхлүүлж, алтны нөөцийг өсгөх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх ажлыг хэрэгжүүлж, Монголбанк болон бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран Монгол алт аяныг зохион байгуулсан. Уг аяны хүрээнд алт олборлолтын хэмжээг 2017 онд 18 тн алт олборлохоос 20.01 тн алт олборлож хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтээ давуулан биелүүлээд байна.

  5.  Монгол улсын нийт газар нутгийн 7.03 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар эзэлж байна

2017 оны 12 дугаар сарын  байдлаар Кадастрын бүртгэлийн системд ашигт малтмалын 3162, түгээмэл тархацтай ашигт малтмалын 526 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрээс хайгуулын тусгай зөвшөөрөл 1759 байгаа нь нийт газар нутгийн 6 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрөл 1403 буюу нийт газар нутгийн 1 хувийг эзлэж байна.

Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын 526 тусгай зөвшөөрөл  нийт газар нутгийн 0.03 хувьтай тэнцэх бөгөөд Монгол Улсын нийт газар нутгийн 7.03 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар эзлэж байна. 

2017 онд Ашигт малтмал, газрын тосны газраас 136 тусгай зөвшөөрөл олгосны 64 нь ашиглалтын, 72 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна.

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 13удаагийн сонгон шалгаруулалтыг 94 талбайд зарлаж 33тусгай зөвшөөрөл олгоод байна.

5.1"Монгол Улсын 1:1000000-ын масштабтай ашигтмалтмалын тархалтын зураг"-ийг шинэчлэн гаргалаа

Монгол Улсад бүртгэгдсэн орд, илрэлийн тоог  2017 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар гаргаж, Металл ба үйлдвэрлэлийн түүхий эдийн ашигт малтмалын 1105 орд, 4692 илрэл, шатах ашигт малтмалын 163 орд, 324 илрэл, барилгын материал, гоёл чимэглэлийн чулуу, эрдэс давсны 909 орд, 1470 илрэлийг багтаасан тайлбар бичигтэй  1:1000000-ын масштабын суурь зураг дээр буулгах боломжтой  орд илрэлийн байршил, товч мэдээлэл бүхий 3 төрлийн зургийн эхийг хэвлэлтэд бэлтгэж гаргалаа.