2017.12.22

Д.Оюунхорол: Гар аргаар алт ухаж байгаа хүн бараг байхгүй. Ихэнх нь супер нинжа болсон

Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтанд орсон байсан.

Гэсэн ч гишүүд энэ төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Учир нь салбарын сайд хүндэтгэх шалтгаантай ирээгүй байгаа нөгөө талаасаа зөвхөн бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг дангаар оруулж ирэхээс илүү цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Тиймээс салбарын яамтай хамтарсан бодлого орж ирэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:  Өнөөдөр гар аргаар алт ухаж байгаа хүн бараг байхгүй. Ихэнх нь супер нинжа болсон

Өнөөдрийн энэ асуудлыг түр хойшлуулах хүсэлтэй байна. Нэгдүгээр, Уул уурхайн сайд байхгүй байна. Хоёрдугаарт, бичил уул уурхай эрхлэгчид өнөөдөр байгаль эх дэлхийг  хохирооход хамгийн их гар, бие оролцож байгаа хүмүүс. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй энд тэнд газар ухаж байгаа. Тэр дундаа өнөөдөр гар аргаар алт ухаж байгаа хүн бараг байхгүй. Ихэнх нь супер нинжа болсон. Техникжсэн, үйлдвэрийн зориулалттай техник аваачиж тавьж байгаад, ухаж байгаа.

Тэдний статус нь гар аргаар алт олборлож байгаа, бичил уурхай эрхлэгч гэж байгаа. Үнэхээр энд хуулийн цоорхой байгаа. Өнөөдөр томоохон аж ахуй нэгжүүд тодорхой хэмжээнд нөхөн сэргээлт хийж байгаа. Нөхөн сэргээлт хийхгүй байгаа газрын дийлэнх нь бичил уурхай эрхлэгчид байдаг.

2008 -2015 онд хэрэгжүүлэхээр тэдний толгойг илж, боломж олгоё гэж хууль гаргасан.  Үр дүн муутай, нөгөө талдаа байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулахад нөлөөлсөн шийдвэр болсон.

Тиймээс Уул уурхайн яамтайгаа ярилцаад, одоогийн хэрэгжүүлж байгаа журамдаа нийцүүлж төслийг оруулж ирэх хэрэгтэй байхаа. Энэ төслийн санаа нь бол маш зөв. Гэхдээ эргээд нийгмийн хариуцлагаа ойлгодог, хариуцлагаа хэрэгжүүлдэг байхад нь анхаарах хэрэгтэй байна. Ухсан нүхээ бөглөөгүйгээс нөгөө талд иргэд хохирч байгаа гэдгийг заавал ойлгох хэрэгтэй. Яг үнэндээ томоохон аж ахуй нэгжүүд хариуцлагаа ухамсарлаж нөхөн сэргээлттэй хийдэг, татвараа төлдөг. Манай Ц.Гарамжав гишүүний талаар их ярьдаг. Яг үнэндээ хамгийн  сайн нөхөн сэргээлтээ хийдэг газар бол Монполимент. Ийм жишгийг бий болгох ёстой.

Холбоотой мэдээ:

Бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа