Бичил уурхай эрхлэгч иргэдийн эрх зүйн орчныг сайжруулна
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өчигдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Улсын хэмжээнд тэр тусмаа орон нутгийн хэмжээнд ажлын байр хомсдож, ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр тухайн иргэд өрхийн амьжиргаагаа дэмжих зорилгоор хувиараа ашигт малтмал олборлох, бичил уурхай эрхлэх тохиолдол жил бүр нэмэгдсээр байна.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 71 дүгээр тогтоолоор “Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр” баталсан ч хэрэгжилт тун хангалтгүй байсаар хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусгавар болсон гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ.
Иймд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрүүдэд бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар тусгай дэд хөтөлбөр нэмж боловсруулах, тэдгээрийн ажил эрхлэлтийн өөр зэрэгцээ хэлбэр, орон нутгийн нөхцөлд тохирсон шинэ ажлын байруудыг бий болгох, мэргэжлийн боловсролын төрөл бүрийн сургалтын тогтолцоог бүрдүүлэх, бичил уурхайн үйл ажиллагаа, төвлөрсөн засаг захиргааны нутаг дэвсгэрт өрхийн болон жижиг үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг тусгайлан байгуулах, тэдгээрт бичил уурхай эрхлэгчдэд, ялангуяа уул-геологийн нөхцөл нь хүндэрсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал нь хурцадсан газруудад ажиллаж буй иргэдэд шинээр хөдөлмөр, бичил, жижиг бизнес эрхлэх боломжийг олгох зорилтуудын хүрээнд энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.