Д.Гантулга: Дахин тайлбар авах шаардлагатай байна гэвэл би өгнө
2017.12.19

Д.Гантулга: Дахин тайлбар авах шаардлагатай байна гэвэл би өгнө

Нэр бүхий эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татах болсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Тодруулбал Н гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тайлбар байцаалт авсан ч прокурорын байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул хэрэг үүсгэхээс татгалзсан дүгнэлт гаргасан юм.

Харин Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг дахин хянаад "эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай" прокурорын шийдвэрийг цуцлан, сэргээн шалгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Гантулгын байр суурийг сонирхлоо.
-Таныг яллагдагчаар татах гэж байгаа тухай мэдээлэл гарсан. Танд энэ талаар мэдээлэл ирсэн үү?

-Үгүй. Надаас байцаалт aвъя гэхээр нь тайлбар өгсөн. Түүнээс хойш ямар нэгэн тайлбар авсангүй. Хэрвээ дахин тайлбар авах шаардлагатай байна гэвэл өгнө.
-Тантай холбоотой гэх энэхүү хэргийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулж, эцэслэх боломжтой юу?
-Шалгах бүх боломж нь нээлттэй байгаа.
-Илүү тодруулан шалгах шаардлагатай байна гэвэл та бүрэн эрхээсээ татгалзаж чадах уу?
-Шалгая гээд шалгасан. Шийдвэр нь гараагүй байна. Олон удаа хойшилж байна. Би үүний цаана нь улс төр явж байгаа гэж хардаг. Гурван шатны прокурорын дүгнэлт хэрэгсэхгүй гэж гарсан. Харин Улсын ерөнхий прокурор дахин шалгах хэрэгтэй гэж үзсэн юм. Яагаад гэхээр “Нийгэмд маргаантай олон асуудал байна. Тиймээс дахин нягталж үзэх хэрэгтэй байна” гэсэн.
Н.Туяа