Ерөнхийлөгчийн мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор сонслоо
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.15) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор сонсож, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна.
Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг ойрын үед хуралдуулж, үндэсний аюулгүй байдлын асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдэж байсан.
Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд гишүүдэд дуулгасан юм.