Тагнуулын ерөнхий газрын дарга асан хурцын асуудлаар хэлэлцүүлэг хийнэ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуулийн өөрчлөлт болон, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: Өнгөрсөн хугацаанд нийгэмд гарсан шударга ёсны ухралт, хүний эрхийн зөрчлийг бид уудалж ярих цаг болсон. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаж, ард түмэн баялгийн эзэн байх бололцоог хаахыг оролдож байна. Хууль эрх зүйн тогтолцоо 1990 оноос өмнө хүний эрхийг хязгаарласан, иргэдээ барьцаалсан байдалтай байсан. Ийм зүйлийг өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх гэж байна. Энэ бол маш том бүлэглэлийн үйл ажиллагаа гэдэг нь илэрхий харагдаж байна. Бид Үндсэн хуулиа хамгаална.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: Б.Хурцын асуудал бол ганц хүний асуудал биш. Гэтэл нээлттэй сонсгол хийх хүсэлтийг Байнгын хорооноос Байнгын хороо руу шилжүүлээд, иргэдийн өргөдлийг хэлэлцэх бодол алга. Өргөдлийн байнгын хороо өргөдлийг нээлттэй хэлэлцэхийн тулд 900 хүний гарын үсэг аваад ир гээд яриад сууж байна. Энэ УИХ-ын гишүүдийн ихэнх нь барьцаанд байна. Тиймээс гарын үсэг зурсан 22 гишүүн цөөдөхгүй. Бидний тэмцэл өнөө, маргаашдаа мухардалд орж мэднэ. Гэхдээ маргааш өргөдөл бичсэн иргэдийг цуглуулаад, нээлттэй сонсгол хийхээр болсон. Ийм эрх гишүүдэд бий гэж ойлгож байна гэлээ.