Стандарт сонголттой байх тусмаа сайн
2017.12.16

Стандарт сонголттой байх тусмаа сайн

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2017.12.16) Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Энэ нь Шадар сайд Ө.Энхтүвшиний хувьд Стандарт, хэмжил зүйн газрын ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, ажил хэрэгтэй нь танилцав.

Ийнхүү Шадар сайд өөрийн харьяа бүх агентлагийн ажил байдлыг сонсож салбар, салбарт зайлшгүй гүйцэтгэх үүрэг даалгавар өгч шинэ оны босгон дээр дараа жилийн ажлаа тодорхой төлөвлөх зорилтоо биелүүлэв.   

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үнэт металлын сорьцын газрын алт хайлуулах, үнэт метал болон эрдэнийн чулуунд сорьц тавих үйл явцыг сонирхсоноор Шадар сайд Ө.Энхтүвшиний энэ өдрийн ажил эхэлсэн.

Үнэт металлын сорьцын газар жилд дунджаар 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна.

Хамгийн сүүлд 2006 онд шинэчилснээс хойш өдгөө 12 жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа сорьцын хэв олон жил хэрэглэснээс бүдгэрсэн, өнөөг хүртэл алхаар товшин дардас тавих гар ажиллагаа хэдийн шаардлага хангахгүй болж байгаад үнэт эдлэлийн үйлдвэрүүд Үнэт металлын сорьцын газарт гомдол тавьсаар иржээ.

Энэ мэт техник, технологийн хоцрогдол зөвхөн Үнэт металлын сорьцын газарт бус Стандарт, хэмжил зүйн газрын өдөр тутмын ажлын хамгийн том бэрхшээл болж байгааг тус агентлагийн ажилтнууд өгүүлсэн.

СХЗГ-т өнөөдөр ашиглаж байгаа хэмжих хэрэгслүүд хуучирч, хэмжүүрийн нарийвчлал нь орчин үеийн чанарын шаардлагад нийцэхгүй болоод байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулаттай аж ахуйн нэгжүүдийн хэрэглэдэг багаж хэрэгсэлтэй харьцуулахад бараг 10 дахин зөрөөтэй байх болсон байна.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр “СХЗГ 2003 онд олон улсын стандартыг хэрэгжүүлж эхлэх зорилт тавьж байсан бол Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6196  стандарт мөрдөгдөж байгаагийн 3011-ийг заавал, 3185-ыг сонгон хэрэглэх боломжтойгоор нэвтрүүлээд байгаа нь бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдэд стандартыг сонгон хэрэглэх уян хатан нөхцлийг бүрдүүлсэн.

Эдгээр стандартын 34 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ба энэ нь Монголын бараа бүтээгдэхүүн экспортод гарах чухал хөшүүрэг юм. Үндэсний чанарын 2016-2020 оны хөтөлбөрийн дагуу Номхон далайн болон Евразийн бүсэд хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүн баталгаажуулах стандартуудыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлууд хэрэгжиж байгаа” гэв. СХЗГ 2015 онд Францын AFNOR байгууллагаас магадласан аудитад амжилттай дүн үзүүлжээ.

СХЗГ-ын дэд дарга Д.Сүхбаатар “Манай байгууллага нарийн мэрэгшсэн мэргэжилтнүүдтэй. Гэвч төрийн бодлогын алдаанаас болж тэдгээр мэргэжилтнүүдийн залгамж халаа алдагдаад байна. Манай мэргэжилтнүүд шинэ хүмүүсийг ажлын байран дээр дадлагажуулах замаар сургаж байгаа хэдий ч орчин үеийн шаардлагад нийцсэн боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй байна” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин СХЗГ-ын удирдлагууд болон ажилтнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлсний эцэст “УИХ энэ өдрүүдэд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хүлээж байгаа билээ.

Уг хуулийг боловсруулах ажлын хэсэг 2013 онд байгуулагдсанаас хойш 2017 онд Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл СХЗГ-ын хамт олон амжилттай ажилласанд талархал илэрхийлье. Энэ хууль батлагдвал 2018 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тул бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэй болно.

Стандартчилал, хэмжил зүйн газар Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Санамж бичиг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд тухайлбал, Монгол Улс ОХУ-д ямар нэг бараа, бүтээгдэхүүн худалдах бол тэнд Орос, Монголын стандарт бус, Евразид мөрддөг стандартад нийцсэн байх шаардлага тулгарна. Тиймээс та бүхэн бизнес эрхлэгчдэдээ стандартын талаарх мэдлэг, мэдээллийг олгоход анхаарах ёстой.  

Стандарт, хэмжил зүй, сорьцын итгэмжлэл, баталгаажуулалт гэдэг бол шинжлэх ухааны өндөр мэдлэг, инженер техникийн нарийн мэргэшил, түүнчлэн гадаад хэлний ур чадварыг бүрэн эзэмшсэн байхыг ажилтнуудаасаа шаарддаг нь гарцаагүй. Танай байгууллагад тулгарч байгаа санхүүжилтийн, боловсон хүчний болон теник технологи, багаж хэрэгсэл, эталоны асуудалтай танилцаж, ажилтнуудын санаа бодлыг сонссондоо олзуурхаж байна.

undefined

СХЗГ энэ жилийн орлогоо нэг тэрбум төгрөгөөр давуулсан гэж байгаа ч энэ нь хэрэв аудитын шалгалтаар нотлогдвол тодорхой хувийг танай байгууллага өөртөө хөрөнгө оруулах хэлбэрээр үлдээх боломжийг Засгийн газраас олгосон. Тиймээс би энэ талаар Сангийн яамтай ярих болно. Миний бие Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссыг ахалдгийн хувьд эталоны санхүүжилтэд туслах тухай саналыг БНХАУ-ын талд тавья” гэв.

СХЗГ-т ажиллаж байгаад хууль бусаар халагдсан гэх нэгэн ажилтны гомдол сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй тухайд Шадар сайд Ө.Энхтүвшин мөн байр сууриа илэрхийлэв. “Та бүхэн хуулиа дагаарай. Үүссэн маргаанд субъектив хандуузай. Хууль зөрчсөн, эсэхийг сайтар нягтлах ёстой” гэлээ