С.Эрдэнэ: Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг 18 хувь байхаар хуулийн төсөлд тусгасан
2017.12.13

С.Эрдэнэ: Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг 18 хувь байхаар хуулийн төсөлд тусгасан

Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Та Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл өргөн барилаа. Уг хуулийн цаад зорилго нь мөнгө хүүлэлтийн эсрэг гээд байгаа шүү дээ?

-Уг хуулийн зорилго мөнгө хүүлэлтийн эсрэг гэхэд болно. Өнөөдөр дэлхийн аль ч улс оронд банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоож өгсөн жишээ олон байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хөл дээрээ босох боломж алга. Банкны зээлийн хүүгийн дарамтад орж байна шүү дээ.

Тиймээс уг хуулийн төслийг хоёр жилийн хугацаанд судалгаа хийж байгаад өргөн барьсан. Өнөөдөр арилжааны банкинд байгаа активын хэмжээ Монгол Улсын төсвийн нийт орлогыг давсан байна. Зээлийн хуримтлалын хэмжээ 10 их наяд төгрөгт хүрсэн байна шүү дээ. Мөн эдийн засагт орж байгаа мөнгөний эргэлт маш бага байна.

Үүний гол шалтгааныг судлаад үзэхээр арилжааны банктай холбоотой. Арилжааны банкинд мөнгөний хуримтлал их болсон. Банкууд хадгаламжийн маш өндөр хүүтэй мөнгийг татаж төвлөрүүлж байна.

-Банкуудын зээлийн хүүгийн хүү өндөр байгаа нь дан ганц банкуудын буруу мэтээр харагдаад эхэллээ шүү дээ?

-Арилжааны банкуудыг буруутгаж харж болохгүй. Эрх зүйн зохицуулалтгүй учраас мөнгөний урсгал түгжигдэж, эдийн засгийн идэвхитэй эргэлтэд орохгүй байна. Энэ нь улс орны эдийн засагт сөрөг муу нөлөөтэй.

Арилжааны банкуудын оны эцсийн ашгийн үр дүнг харахад маш өндөр байгаа юм. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн зээлийн үр дүн их муу байна.

Өндөр хүүтэй хадгаламж татсан банкууд эргээд гаргахдаа өндөр хүүтэй зээл гаргаж байна. Одоо жилийн хүүгийн хэмжээ дунджаар 35-36 хувь байна. 40 гаруй хувийн хүүтэй банк ч байна. Дээрээс нь банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн хэмжээ 60-80 хувьтай байгаа юм. Тэгэхээр ийм өндөр хүүтэй мөнгө зээлж байгаа аж, ахуй нэгжүүдийн бизнес амжилтад хүрэхгүй. Зээлийн хүүдээ шатаад л таарна. Анх зээл авахдаа барьцаалж байсан байшин барилга, машин техникээ алдаад л дуусч байна. Тэгэхээр төрөөс зохицуулалт хийх шаардлага харагдаж байгаа юм.

-Зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоочихвол түүнээс давсан хүүгийн зээл нь мөнгө хүүлэлт болж хувирна гэж ойлгож болох уу.Зээлийн хүүгийн дээд хэмжээг хэд байхаар тусгаж өгч байгаа вэ?

-Яг тийм. Тухайлбал, төрөөс банкны зээлийн хүүгийн дээд хэмжээ 18 хувь байна гээд заагаад өгчихвөл түүнээс давсан тохиолдолд мөнгө хүүлэлт болногэсэн үг. Манай улсаас бусад улс оронд ийм төрлийн хуулийн зохицуулалт бий гэж хэлсэн шүү дээ.

Зарим улс оронд зээлийн хүүгийн дээд хэмжээ нь 20 хувь байна гээд заагаад өгчихсөн бол түүнээс давсан тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үздэг. Уг хуульд зээлийн хүүгийн дээд хэмжээ үндсэндээ 18 хувь, ББСБ-ын зээлийн хүүгийн дээд хэмжээ 30-35 хувь байхаар тогтоож өгөх санал тусгасан байгаа.

-Яг өнөөгийн нөхцөл байдалтай хэр уялдах вэ. Эдийн засагт хэр эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж та харж байгаа вэ?

-Өнөөдөр жилийн 29-40 хувийн хүүтэй зээл авч байгаа хувь хүн, аж ахуй эрхлэгч, бизнес эрхлэгч яаж, хэзээ хөл дээрээ босох вэ. Үүнийг дагаад ББСБ-ын тоо, хөрөнгө жил бүр л нэмэгдэж байна шүү дээ. Ийм өндөр хүүтэй зээлтэй аж ахуйн нэгжүүд сөхөрч унаж байна.

Тиймээс цаг үеэ олсон хуулийн төсөл гэж харж байгаа. Уг хуулийг удаан хугацаанд дагаж мөрдөх тухай ойлгохоос илүүтэй зөв жишиг тогтоох, зөв зохистой эрэлт нийлүүлэлт бий болсны дараа хүчингүй болгож болно.

Мөн та ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийг та битгий улс төржүүлээсэй гэж хэлж байсан?

-Ардчилсан хувьсгалын анхдагчдын түүхэн гавьяаг төр засгийн зүгээс үргэлж дурсах учиртай.Тэдгээр баатруудын ачаар Монгол Улсад ардчилсан хувьсгал мандсан. Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, зохион байгуулалцаж явсан хот, хөдөөгийн олон мянган иргэн байснаас цөөнгүй нь төрөөс аливаа тусламж, дэмжлэг авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Тиймээс Монгол Улсын ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ харилцааг хуулиар зохицуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан.

Ардчилсан хувьсгалыг хүмүүс янз бүрээр дүгнэж ярьдаг. Миний хувьд нийгмийн бүхэл бүтэн тогтолцоог өөрчилсөн хувьсгал байсан. Хуучин нэг намын тогтолцоотой байсан нийгэм маань олон намын тогтолцоотой болсон.

Энэ өөрчлөлтийг анх санаачилж, зүтгэж, тэмцсэн хүмүүс нийгмийг өөрчилсөн баатрууд болж түүхэнд үлдсэн. Эдгээр хүмүүс дотор цаг үеийнхээ эрсдэлд өртөж амьдрал, ажил, гэр бүл, амь нас гээд бүх зүйлээрээ давхар хохирсон олон зуун иргэн байгаа.Ардчилсан хувьсгалыг улс төрийн аль нэгэн нам дангаараа хийчихсэн юм биш. Өнөөдрийн гурван сая иргэний оролцоо бий. Мөн улс төрийн бүх намын оролцоо бий.

undefined

-Ардчилсан хувьсгалчдыг хэрхэн дэмжиж, хичнээн хүн хамрагдана гэж хуулийн төсөлд тусгасан бэ?

-Хуулийн төсөлд тодорхой тусгагдсан. Хэлэлцүүлэгт орохоор та бүхэнд бичгээр хүргэх байх. Ер нь нийгмийн хамгааллын чиглэлээр хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх талаар хуулийн төсөлд голдуу тусгасан байгаа. Судалгаа хийж байна.

Тухайн үеийн өөрчлөлтийг эхлүүлж байсан байгууллагуудын тодорхойлолтоор хүмүүсийг сонгоно. Ингэхдээ 1990 оны зургадугаар сараас өмнөх үйл явдалд оролцсон хүмүүсийг хамруулна гэж тооцож байгаа.

  Ц.ТАМИР