Шадар сайд Ө.Энхтүвшин чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаатай танилцав
Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2018.12.13) Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсүүдийн Улаанбаатар хот дахь Ажлын албадтай танилцаж, үүрэг даалгавар өглөө.
Ө.Энхтүвшин: “Алтанбулаг”-т ложистикийн төв яаралтай байгуулах нь чухал
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс 2014 онд нээгдсэн бөгөөд тус бүсийг хөгжүүлэх зорилгоор 2004 онд баталж байсан 128 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 21 хувь нь өнөөдрийн байдлаар хийгдсэн байна.
Түүнчлэн 14 аж ахуйн нэгж хөрөнгө оруулан үйл ажиллагаагаа эрхэлж байгаагийн 7 нь архи, тамхины худалдаа, үлдсэн нь хүнсний бүтээгдэхүүн, гутал, тавилга зэрэг чиглэлээр бизнес эрхэлж байна. 2014 оноос хойш эрчимжсэн зорчигч тээврийн урсгал энэ оны байдлаар хоёр дахин нэмэгджээ.
Тус бүсийн захирагч Ж.Амаржаргал “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудлыг шийдээд өгвөл Зүүн Сибирь, Эрхүү орчмын эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох, Монгол Улсын эдийн засагт нөлөөтэй чөлөөт бүс болж хөгжих бүрэн боломж бий” гэлээ.
Гэвч одоогоор аялал жуулчлал, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч санасан хэмжээнд хүрэхгүй байгаа ажээ.
Тухайлбал, Монголоос аялал жуулчлалаар гарсан манай иргэд буцахдаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нь түгээмэл. 2017 онд тус бүсээр Монгол Улсад 2,5 сая ам.долларын бараа орж ирснээс 1,1 сая долларын бараа борлогдсон, улсын төсөвт 28 сая төгрөг тушаасан, бусад байгууллагаас 1 тэрбум төгрөгийн авлагатай байгаа тухайгаа захирагч Ж.Амаржаргал Шадар сайд Ө.Энхтүвшинд дуулгалаа.
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс 2008-2017 оны хугацаанд аж ахуйн нэгжүүдээс газрын төлбөрт 1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд газар эзэмших гэрээтэй боловч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй 94 аж ахуйн нэгжийн гэрээг цуцалжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсад чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх үзэл баримтлал батлагдаад 22 жил, “Алтанбулаг” бүс үүдээ нээгээд 3 жил болж байхад яагаад худалдааны эргэлт сайжрахгүй байгааг лавлав.
Үүний хариуд захирагч Ж.Амаржаргал “Чөлөөт бүсээр зорчигчийг манай гаалийнхан зорчигч гэж үзэхээ болиод худалдан авагч гэж хардаг болмоор байна. Хувь хүн, зорчигчийн биедээ авч явах эд зүйлсийн жагсаалтыг худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсэд мөрдвөл чөлөөт бүс хөгжихгүй. ОХУ-ын компаниуд яг энэ шалтгаанаар манай бүсэд орж ирэхээс татгалздаг. Түүнчлэн дэд бүтэц хөгжүүлэх санхүүжилт болон манай Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг нэмэх шаардлага тулгамдаж байна” гэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин
“Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомжууд, гаалийн дүрэм журмууд чөлөөт бүсэд хэрэгжих шатандаа зөрчил үүсгэдэг, гаалийн хүнд суртал чөдөр тушаа болдог байдлыг цэгцлэх шаардлагатай байгааг сонслоо. Гэхдээ та бүхэн тодорхой баримтуудыг гаргаж өгөөрэй. Миний байр суурь юу вэ гэвэл, “Алтанбулаг” чөлөөт бүсэд тэргүүн ээлжинд тээвэр, ложистикийн төв байгуулах нь хамгийн зохимжтой гэж үзэж байна” гэлээ.
Ө.Энхтүвшин: “Замын-Үүд” чөлөөт бүсээ нэн даруй нээх хэрэгтэй
“Замын-Үүд” чөлөөт бүс БНХАУ-аас 50 сая, Монголын Засгийн газрын 8,8 сая ам.долларын санхүүжилтийг хэрэгжүүлж байна.
Одоогоор 900 га газартай бөгөөд 2015-2017 онд 4 удаагийн сонгон шалгаруулалтаар 24 аж ахуйн нэгжийн 27 төсөлд 58,57 га газар олгожээ.
Захирагч И.Батнасан
“Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх эхний шатны дэд бүтцийн ажил дуусаж байна. Хоёрдугаар шатны ажилд 182,4 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Манай захиргаанд Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх бодлого, хэрэгжилт, дэд бүтцийн ажлын удирдлага, зохион байгуулалтыг цогцоор нь төвлөрүүлэх саналтай байна. Ингэвэл 2020 он гэхэд Замын-Үүд хурдацтай хөгжсөн чөлөөт бүс болно” гэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Ажлын алба асар том хөрөнгө оруулалт шингэсэн объектуудыг үйл ажиллагаатай нь өөртөө төвлөрүүлэн авч явна гэж байгаагаа эргэж харах хэрэгтэй байна. Монголчуудын их хүлээж байгаа “Замын-Үүд” худалдааны чөлөөт бүсийг даруй нээгээд ажлаа эхэлмээр байна. Хятадын хэрэглэгчид зах Монголын бараа бүтээгдэхүүнийг нэлээд их сонирхдог нь өнгөрсөн намар Хөх хотод зохион байгуулагдсан ЭКСПО дээр ажиглагдаж байсан. Ер нь Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээчихвэл Алтанбулагынхаас ч түргэн хөгжих бүрэн боломжтой” гэлээ.
Евразийн урсгалыг Цагааннуур алдаж болохгүй
“Цагаан нуур” чөлөөт бүсийн захирагч А.Аманкелд “Манай бүс Хятадыг Евразитай холбосон автозам дагуу оршдог, ОХУ, Казахстан, БХНАУ руу гарцтайгаараа зах зээлийн хувьд давуу байршилтай. Орос, Хятадын компаниуд Цагааннуурын чөлөөт бүсэд бизнес эрхлэхийг сонирхдог. Одоогийн байдлаар худалдааны талбай бэлдсэн боловч гаалийн хяналтын үйл ажиллагаа эхлээгүйгээс гацаж байна. 5 компани газар эзэмших төлбөр төлдгөөс 56 сая төгрөгийг улсад тушаасан” гэж ярилаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Евразийн автозамаар өнгөрч байгаа урсгалыг Цагааннуурт гаальчид ажиллахгүй байгаагаас болоод алдаж болохгүй. Энд Монголын эрх ашиг нэгдүгээрт тавигдах тул төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог зөрчилгүй болгох шаардлагатай” гэв.