Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын мэнд хүргэе
2017.12.08

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын мэнд хүргэе

Мэндчилгээ

Монгол Улсын нийт санхүүчид, нягтлан бодогчид, эдийн засагчид та бүхэндээ ММНБИ-ийн Удирдах зөвлөл болон хамт олныхоо өмнөөс Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын мэнд хүргэе.

ММНБИ нь өнөөдөр Дэлхийн нягтлан бодогчдын холбоо, Ази номхон далайн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн, үндэсний тэргүүлэгч мэргэжлийн байгууллага болон хөгжиж байгаа нь салбарын нийт хамт олон, манай гишүүдийн  хичээл, зүтгэлийн үр дүн, хамтын бүтээл юм.

Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүч чадлаа дайчлан, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэн, олон улсын стандарт болон хууль дүрэм, журмын дагуу нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагааг удирдан, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллаж байдаг үе үеийн санхүүчид, нягтлан бодогчдын хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлж байдаг.

1999 оноос манай институтээс жил бүр зохион байгуулж ирсэн Бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны баяраа хамтдаа тэмдэглэж, оныхоо амжилт бүтээлийг дүгнэн цэгнэж, нэгэн шинэ хуудсыг нээх мөч ойртсоор байгаа энэ агшинд мэргэжлээрээ улам бүр бахархаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн

Ерөнхийлөгч Б.Түвшин

Гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан