С.Эрдэнэ: Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн гэж Н.Золжаргалыг шалгаж байгаа бол улсад учруулсан хохирол байхгүй гэдгийг хэлье
2017.12.05

С.Эрдэнэ: Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн гэж Н.Золжаргалыг шалгаж байгаа бол улсад учруулсан хохирол байхгүй гэдгийг хэлье

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уиХ хэлэлцэж байна. Банкны тухай хуульд арилжааны банкны зээлийн хүүг Монголбанк тогтооно гэсэн заалт орохоор болж байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Монголбанкны тухай хууль банкны үйл ажиллагааг сайжруулах, алдаа доголдлыг арилгах, мөнгөний бодлогыг зөв зүйтэй тодорхойлох зэрэг нэн хэрэгтэй зүйтэй тал руугаа чиглэсэн сайн хууль болж чадаагүй. Өнгө будаг зассан төдий өөрчлөлт хийснээ их л мундаг өөрчлөлт хийлээ гэж буй нь үнэнд нийцэхгүй. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ зөв тодорхойлж чадахгүй, улстөржсөн үйл ажиллагаа явуулах болсон. Монголбанк арилжааны банкны зээлийн хүүгийн хувийг тогтоох нь оновчтой шийдэл биш. Яагаад вэ гэвэл Монголбанк мөнгөний бодлогоо тодорхойлж арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг мөртлөө арилжааны гол хэрэгсэл болсон зээлийн хүүг тогтооно гэдэг нь бүх арилжааны банкийг хараат байдалд оруулж, бие даасан үйл ажиллагааг нь байхгүй болгоно гэсэн үг. Монголбанк гэсэн монополь ганц банктай л болно доо.

-Таны санаачилсан Мөнгө хүүлэлтийн эсрэг Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа яваа. Банкны зээлийн хүүний таазыг тогтоож өгснөөр иргэдэд эргээд очих зээл бага хувийн хүүтэйгээр гарч чадахгүй болно гэсэн дүн шинжилгээ бас гарч байгаа?

-Зээлийн хүүний хувь хэмжээг тогтоох нь уг нь зах зээлийн эрэлт нийлүүлтээрээ зохицуулагддаг. Гэвч манайд эрэлт нь давамгайлчихсан нийлүүлэлт бага байна. Арилжааны банк ашгийн байгууллага ч гэсэн хэт монополь байдалтай хэвээр цаашид байж болохгүй. Нэгэнт зах зээлийн харилцаагаараа зохицуулагдахгүй байгаа харилцаанд төрийн зохицуулалт тодорхой хэмжээгээр орж болно. Хэт либералчлахаар алдаа руу ордог доо. Манай улсын анхны хувьчлал ямар ч төрийн тодорхой зохицуулалтгүй явснаас хэдхэн цөөн тооны хүн хожиж дийлэнх нь хувьчлалаас хүртэж чадаагүй. Энэ нь төрийн зохицуулалт байгаагүйгээс болсон. Хуулиар зээлийн хүүний хувийн хэмжээний дээд хязгаарыг зохицуулж өгье. Тодорхой хугацаанд хязгаарлалт хийж, зөв зохистой эрэлт нийлүүлэлт бий болсон цагт хуулийг эргээд хүчингүй болгож болно. Банкны зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоогоод өгөхөөр үүнтэйгээ уялдаад хадгаламжийн хүүний хувь хэмжээ буурна гэсэн үг. Нэгэнт хадгаламжийн хүүний дээд хязгаарыг тогтоогоод өгөхөөр түүнээс давсан өндөр хүүтэй зээлийг олгож чадахгүй. Учир нь хадгаламжид хуримтлагдсан мөнгийг эргэлтэд оруулахаас нааш ашиг олж чадахгүй учраас зээлээ гадагш гаргана.

Монголбанк ч гэсэн үүнийг дагаад мөнгөний бодлого дээрээ анхааралтай судалгаатай хандах ёстой болно. Өнөөдөр банкууд монополь байдлаа ашиглаад зээлийн хүүгийн хувь хэмжээг дураараа тогтоож байна шүү дээ. Арилжааны банкинд байгаа нийт активын хэмжээ төсвийн нийт орлоготой тэнцэхүйц их хэмжээний мөнгө хадгалагдаж байна гэсэн тооцоо бий. Тэр мөнгө арилжааны банкинд хадгаламж хэлбэртэйгээр хэвтэж байх ёстой юу эсвэл зах зээл рүү гарч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу гарч байх нь хэрэгтэй юу. Монголд өнөөдөр сэтгэл ханамж нь дүүрэн, ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүн тун цөөхөн. Үүний гол шалтгаан нь зээл болон хүүгийн дарамт. Яагаад ингэж хэлэх болов гэхээр арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагаас олгогдож байгаа зээлийн хүү асар өндөр байна. Хүү яагаад ийм өндөр байна вэ гэхээр банкууд чинь амьдрахын тулд хадгаламж татна. Хадгаламжаа өндөр хүүтэй татаж байгаа. Нэгэнт өндөр хүүгээр татсан мөнгөө ашигтай эргэлтэд оруулахын тулд эргээд өндөр хүүтэй зээл гаргаж байна. Энэ тогтолцоо нь сүүлдээ хэвшил болоод тогтчихсон. Иргэдийн нуруун дээр асар их мөнгөний дарамт үүсгэж байгаа энэ асуудлыг төр зохицуулах үүрэгтэй. Бусад улс орнуудад ч төр нь банкуудын хадгаламжийн зээлийн хувь хэмжээг тогтоож, хуульчилсан байдаг. Маш олон улс оронд ийм зохицуулалт байдаг. Тэдгээр улсууд зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо янз бүрийн хэлбэрээр тогтоосон байна. Жишээ нь, тодорхой нийгмийн аль нэг бүлэг хэсэгт эсвэл нийтэд нь тогтоосон байх гэх мэтээр янз бүрийн аргачлалыг ашиглаж байна.

-Манай улсын төсвийн алдагдал жилээс жилд их болсоор байгаа. Төсөв болон мөнгөний бодлого дээр зах зээлээ мэдэрсэн бодлогыг төр засгийнхан гаргаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг судлаачид хэлдэг. Улстөрчид эдийн засгийг эргээд самраад байгаа юм биш үү?

-2012-2016 онд төсвийн нийт алдагдал 2-4 хувьтай байсан. Сая төсвийн алдагдал 18 хувьд хүрлээ. Төсвийн тодотголоор 2018 оны төсвийн алдагдлыг бууруулсаар 8 хувьтай батлагдлаа. Түрүүчийн Засгийн газрын үед байсан төсвийн алдагдал жил гаруйн хугацаанд нэг дахин нугарчихсан байна. Инфляци 3 хувьтай байсан бол 5-6 хувьд хүрчихсэн байна. Энэ 2017 оны төсвийн давсан орлогыг хэрэгтэй, хэрэггүй зүйлд цацахын оронд хямгатай хандаж, 2018 оны төсвийн алдагдлыг бууруулах, хуримтлал бий болгох замаар эдийн засгийн үр ашигтай байдлаар хандаагүй. Олсон хэдэн мөнгөө яавал бушуухан үрж цацаад, өр зээл тавих вэ гэсэн байдалтай харагдаж байна. Өндөр алдагдалтай баталж буй төсвийн дийлэнх нь гишүүдийн тойрог руугаа хандсан, нийгмийн салбарт бүтээн байгуулалт хийнэ гэсэн хэлбэртэй байгаа боловч цаанаа тендерийн булхай луйвар, мөнгө угаах ажил руу л чиглэж байна. Инфляцийг онилсон эдийн засаг, мөнгөний бодлого хэрэгжихгүй байгаагаас эдийн засаг өдрөөс өдөрт унаж байна. Ядаж төсвийн алдагдлаа багасгаж, баланс барьсан хэмжээнд боловсруулах бодлого үгүйлэгдэж байна. Монголбанкны төсөв, мөнгөний бодлого ноцтой алдагдсан гэдэг нь харагддаг. Гадаад валютын нөөцийг 2.2 тэрбум ам.доллартай болчихлоо гэж одоо баярлалдаад байна л даа. Өнгөрсөн жил Монголбанкны удирдлагууд ажлаа хүлээж авахад гадаад валютын нөөц 1.5 тэрбум ам.доллар байсан. Үүнийг тухайн үед хасах 400 сая ам.долларын алдагдалтай байна гэж зарласан. Үүнээс болж валютын ханш огцом өсч, ам доллар 1900 гаруй байснаас 2700 болж галзууртлаа өссөн. Энэ бодлогын алдааг өнөөгийн Монголбанкны тэргүүн Н.Баяртсайхан тэргүүтэй нөхдүүд хийсэн. Хууль хяналтын байгууллагууд эдгээр хүмүүсийг шалгаж хариуцлагыг нь тооцох ёстой. Энэ үйлдэл магадгүй санаатай ч байж болно. Ам.долларын зөрүүнээс асар их ашиг олсон тодорхой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Яагаад ийм алдаатай тооцоолол хийж, нийгэмд яаран зарлах болов. Тэр алдаатай бодлогоос болж эдийн засагт ямар их хор хохирол учрав. Энэ бол эдийн засгийн зохион байгуулалттай маш том гэмт хэрэг байж болох талтай шүү.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотойгоор шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарцуулагдсан мөнгө, санхүү бүрэн төлөгдчихсөн. Ямар ч өр авлага байхгүй. Тэгэхээр юу шамшигдуулчихсан байх вэ. Хэн ямар хохирол амссан гэж шалгагдаад байгааг нь би сайн мэдэхгүй юм. Би нэг зүйлд гайхаад байгаа юм. Хэрвээ ипотекийн зээл авсан 82 мянган айл өрхийн мөнгийг төлөгдөж дуусаагүй, авлагатай гэж үзээд байгаа бол өрийг нь Н.Золжаргал дээр гаргаж, 20 жилийн хугацаанд төлүүлэх гээд байгаа хэрэг үү. Авсан эзэн нь ойлгомжтой эргэж төлөгдөх хүү нь ч ойлгомжтой. Харин ч ипотекийн зээлд хамрагдаж 82 мянган айл өрх орон сууцанд орсноор агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр болсон байх. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг би өмөөрч, хамгаалах гээд байгаадаа биш. Бодит байдлыг хараад улстөрчийн хувьд үнэлэлт дүгнэлт өгч байна. Магадгүй өөр үйлдсэн янз бүрийн гэмт хэрэг байгаад тэрэнтэй холбож шалгаж байгаа үгүйг нь би сайн мэдэхгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн гэж буруутгаж байгаа бол улсад учруулсан хохирол байхгүй гэдгийг хэлье.

-Улс төрийн нөхцөл байдлаас болж Н.Золжаргалыг баривчлан шалгаж байна гэсэн яриа бас бий. Хэрвээ үнэ тогтворжуулах хөтөлбөр алдаа мадаггүй байсан юм бол яагаад Н.Золжаргалыг шалгах болов. Та юу гэж харж байна?

-Н.Золжаргалыг баривчлан шалгах гэхэд нь шүүхээс баривчлах тогтоолыг нь батлаагүй юм биш үү. Хэвлэлийн мэдээнээс тэгж ойлгосон. Хэрвээ үнэхээр тэр хүнийг баривчлах, хорих, саатуулах үндэслэл байхгүй бол шүүх баривчлах бичиг гаргахаасаа татгалзах ёстой. Хүний эрх чөлөөнд халдах тухай ойлголт бол хүний нийгэмд анхаарал татсан хамгийн том асуудал. Дэлхийн улс орнууд ч үүнд маш болгоомжтой ханддаг.

-Ипотекийн зээлийг Засгийн газраас санхүүжүүлдэг болох тухай одоо яригдаж байна. Монголбанкаар дамжихгүй Барилга хот, байгуулалтын яам зээл олголтыг явуулна гэж байна. Энэ зөв үү?

-Уг нь зөв явж байсан хөтөлбөрийг зогсоочихсон. Засгийн газар төсвөө яая даа гэж байж яаж санхүүжүүлэх гэж байгаа юм бол. Ипотекийн зээл рүү мөнгө оруулах нь битгий хэл тэтгэвэр, тэтгэмж, сургууль цэцэрлэг барих, агаарын бохирдлыг бууруулах зэргээс эхлүүлээд олон шийдвэрлэх ажил бий. Асар их мөнгө шаардлагатай байгаа. Энэ жил ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг тавьсан байсан. Энэ мөнгөөр олон айл зээл авч, хүртээмжтэй байж чадах уу. Зөв голдрилоороо явж байсан ипотекийн зээлийг зогсоож, тэгсэн хэрнээ ямар хэлбэрээр явуулах гарцаа олж чадахгүй будлиад л байгаа хэрэг.

-Одоогоос яг жилийн өмнө Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдаж байсан. Энэ хууль эргээд хүчингүй болгосон. Та хууль санаачлагчын хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Хамтын тэтгэврийн тухай хууль төсөвт дарамт болохгүй. Эдийн засгийн үр дагаврыг тооцож хийсэн хууль байсан. Хүний насан туршдаа хуримтлуулсан Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан тэтгэврийн сангийн мөнгө бол хувь хүмүүсийн хадгаламжийн мөнгө болохоос биш төрийн төсвийн мөнгө биш. Хуримтлуулсан мөнгөнийхөө үр ашгаа өөрөө үзэж чадахгүй бурхан боллоо гэхэд насан туршдаа ханилсан хань нь амьдрах хугацаандаа тэтгэврийг нь давхар авч амьжиргаагаа залгуулах тухай хууль байсан. Гэр бүлийн бат бөх байдлыг дэмжсэн, ахмад настнуудыг эдийн засгийн эрсдлээс хамгаалсан хэрэгтэй хууль байсан. Харамсалтай нь өрсөлдөгч нам санаачилсан гэдэг байдлаар улстөржиж энэ хуулийг хүчингүй болгосон. Үүний оронд гарч ирсэн Насны хишиг олгох тухай хууль бол иргэдийг насаар нь ангилж ялгаварласан, хүртээмжгүй хууль болсон. Энэ мэт хүмүүсийг хуурсан байдлаар хууль гаргаж болохгүй л дээ.

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд өөрчлөлт орж, ИТХ-ын төлөөлөгчид төрийн албанд ажиллахаар болж байна. Энэ хуулийг АН-ынхан эсэргүүцэж чуулган дээр үг хэлж байсан. Та ямар саналтай байна?

-Аливаа зүйлд ёс суртахуун эрээ цээр байх ёстой. Дөрвөн жилийн өмнө Сүхбаатарын талбайд давхар дээлийг эсэргүүцэж хэн жагслаа. Өнөөгийн давхар дээлтэй эрх баригчид өөрсдөө л жагсч байсан. Одоо бүр цаашлаад анхан, дунд шатны төрийн байгууллага руу орж хуульчилж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хуралд байгаа улстөрчид, намын гишүүдээ төрийн албанд ажиллуулах хууль ёсны эрхийг нь нээж өгөх гэж байна. Энэ нь монгол төрийн дархлааг сулруулж байгаа. Улстөрчид төрийн ажилд албан ёсоор ажиллах эрхийг нээж өгснөөр Төрийн албан хаагчид улс төрийн харьяалалгүй байна гэсэн хуулийг үгүйсгэх болж байна. Төрийн албаны тухай хуулийг батлахдаа төрийн албыг улс төрөөс ангид байлгах, тогтвортой байлгах гэж анх баталж гаргасан юм шүү дээ. Энэ хууль батлагдсанаар төрийн албаны дархлааг сулруулж, улс төрийг төрийн албатай хольж хутгах нь. Цаашлаад тогтвортой ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг улстөрчид дураараа халж сольдог болох нь. Ийм бусармаг зүйл рүү явах нь зөв үү.

-АН сая дотоод сонгуулийн сунгааг улс орон даяар явууллаа. Удахгүй АН-ын Удирдах зөвлөгөөн болох гэж байна. Намын шинэчлэлийн ажил хэр явцтай явж байна вэ?

-Манай намын үндсэн дүрмэнд орсон өөрчлөлтөөр бүх шатны сонгууль, удирдах албан тушаалтнуудыг намын гишүүдийнхээ саналаар сонгодог байх заалт орсон. Энэ дүрмийн хүрээнд манай Ардчилсан залуучуудын холбоо удирдлагаа 90 гаруй мянган гишүүдийнхээ оролцоотойгоор улс орон даяар сунгаа явуулж сонголоо.

Залуучууд маань маш идэвхтэй оролцлоо. Нэр дэвшигч нар ч мэдлэг чадвараа харуулсан. Залуучуудын хувьд ардчиллын шинэ алхмыг тавилаа. Энэ арванхоёрдугаар сарын 6-ны өдөр АН шинэчлэлийнхээ хоёр дахь давалгааг эхлүүлж, анхан дунд шат руу чиглүүлсэн аяныг эхлүүлэх гэж байна. Аяны нээлт болгож бүх удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг хийнэ. Намын гишүүдээ чадавхжуулах, намын анхан дунд шатны үйл ажиллагааг дэмжих ажил эхэлж байна.

Ярилцсан: Б.Долзодмаа