Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ
УИХ-ын чуулган Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Баделхан хийв. Тэрбээр “Монгол Улсын төрийн мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлдэг Төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Төв банкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал болгож байгаа юм байна. Өмнө нь төгрөгийн тогтвортой байдал байсан. Үзэл баримтлалын хувьд өөрчлөлт орж байна. Үүнийг тайлбарлана уу” гэв.
"ИНФЛЯЦИД ИЛҮҮ АНХААРЛАА ХАНДУУЛАХААР БОЛГОЖ БАЙГАА"
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Үндсэн зорилго дээр төгрөгийн тогтвортой байдал гэж байгаа нь логикоор үнийн тогтвортой байдал буюу инфляцид илүү анхаарлаа хандуулна гэдэг. Энэ зорилгыг бид хоёрдмол утгатай биш инфляцид илүү анхаарлаа хандуулахаар болгож байгаа” гэв.