Шадар сайд Ө.Энхтүвшин
2017.11.13

Шадар сайд ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Шадар сайд Ө.Энхтүвшин: Алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж, тэдний нийгмийн баталгааг хангах асуудалд нэн тэргүүнд анхаарч ажиллана 

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Түүний хамт Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа ажилласан юм.

Хамгийн эхэнд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тус төв нь 2013 онд байгуулагдсанаас хойш орчин үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг иж бүрэн хийж, гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтын хамгийн том системийг нэвтрүүлээд байгаа юм. Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх энэхүү нэгдсэн систем нь сансрын холбоо, богино болон хэт богино долгионы радио холбооны сүлжээг ашиглаж байгаа юм.

Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагуудын шуурхай удирдлагын төвүүдтэй шууд холбогдож, харилцан мэдээлэл солилцох, мэдээллийг шуурхай дамжуулах техникийн бүрэн боломжтой болсон.

Түүнчлэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд суурилуулсан газар хөдлөлтийг мэдрэх төхөөрөмжүүдээс хүлээн авсан мэдээг Одон орон, геофизикийн хүрээлэнгээр дамжуулан авах бөгөөд хүчтэй газар хөдлөлт болох үед зарлан мэдээлэх систем бүхэлдээ хүний оролцоогүйгээр автоматаар ажиллаж олон нийтэд зарлан мэдээллийг богино хугацаанд хүргэхээр зохион байгуулагдсан гэдгийг энэ үеэр Шадар сайдад танилцууллаа. Үүнээс гадна дөрвөн бүсийн төв болон 21 аймгийн Онцгой байдлын газруудыг Онцгой байдлын ерөнхий газартай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээ, мэдээллийг шуурхай солилцох боломжийг бүрдүүлээд байна.

Энэ үеэр зүүн бүсийн төвтэй шууд холбогдон бүсийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээлийн нөөц хэрхэн бэлтгэгдсэн талаар мэдээлэл сонслоо. Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Гантөмөр орон нутагт тулгамдаж буй асуудал, малын гоц халдварт шүлхий өвчний тархалт, түүнтэй тэмцэж буй нөхцөл байдлын талаар Шадар сайдад танилцуулсан.

Үүний дараа Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой байдлын албаны музейтэй танилцан Онцгой байдлын албаны үндэс суурь болсон Улсын иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх байгууллага, Улсын нөөцийн газрын түүхэн замналыг сонирхлоо.

Тус музейд Онцгой байдлын албаны үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан энэхүү музейд Онцгой байдлын албаны түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлс хадгалагдаж байдаг.

Мөн Улсын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс улс орны хэмжээнд тохиолдсон гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чиглэлээр шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.

Улсын Онцгой комисс нь улс орны хэмжээнд тохиолдсон ган, зуд, газар хөдлөлт, техникийн холбогдолтой осол, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, ой, хээрийн түймэр, байгалийн аюулт бусад үзэгдэл зэрэг гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан гаргах баримт бичгүүдийг цаг алдалгүй шуурхай боловсруулан, шаардлагатай хөрөнгө, хүн хүч, машин техникийг дайчлан зохион байгуулж ажилладаг.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад тохиолдсон гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Засгийн газар, Улсын онцгой комисс нийт 120,9 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулжээ.

Үүний дараа Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын нөөцийн “Обьект-03” салбар, Хүнсний нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцсан.

Улсын нөөцийн “Обьект-03” салбар нь улс оронд эдийн засгийн хүндрэл бэрхшээл, гамшиг, осол, ган зуд тохиолдсон үед зарцуулах, үнэт зүйлсийг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нэр, төрөл, тоо хэмжээнд чанар стандартыг алдагдуулахгүй хадгалж, хамгаалах, сэлгэн шинэчлэх, нөхөн бүрдүүлэх үүрэгтэй Онцгой байдлын албаны ууган салбаруудын нэг юм.

Улс, эх оронд үүссэн гамшиг, осол, ган зуд, гал түймэр, үер ус, хүн малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд гамшгийн хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Онцгой комиссын шийдвэрээр шаардлагатай бараа материалыг ард иргэдэд богино хугацаанд хүргүүлэх үүргийг гүйцэтгэн ажилладаг чухал салбар.

Гэнэтийн аюул, байгалийн гамшиг, эдийн засгийн эрсдэл тохиолдсон үеүүдэд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор эрчим хүчний тоног төхөөрөмж, автомашин, техник хэрэгсэл, иж бүрэн гэр, ажлын дулаан хувцас, өвс, тэжээл зэргийг гамшгийн болон хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд зориулан гаргасан байна.

Мөн 2000 онд БНХАУ-ын Сычуанд болсон газар хөдлөлт, 2011 онд Япон улсад болсон цунами, 2015 онд Балбын вант улсад болсон газар хөдлөлт, 2016 онд БНАСАУ-д болсон цунамид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд оролцож байсан.

Харин Хүнсний нөөцийн салбар нь Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоол “ISO:9001 стандарт хэрэгжүүлэх” 2016 оны 344 дүгээр тогтоол “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийн хүрээнд Чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээрээ төр, захиргааны байгууллага болон Засгийн газрын агентлагууд дотроос анхдагч нь болж, Улсын нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэх, сэлгэн шинэчлэх хадгалан хамгаалах, тээвэрлэн хүргэх үйл явц нь олон улсын жишигт хүрсэн гэрчилгээтэй болсоноо салбарын дарга, хошууч Ц.Уранчимэг Шадар сайдад танилцууллаа.

Мөн Шадар сайдын баталсан Онцгой байдлын ерөнхий газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний “Улсын нөөцийн бараа, материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, шинэ технологи, мэдээллийн систем нэвтрүүлэх” зорилтын хүрээнд “Агуулахын удирдлагын систем”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн бараа, материалын байршил, агуулахын нөхцөл, тооллого тооцоо, агуулахын хүчин чадал, дүүргэлт, хяналтыг дэвшилтэд техник, технологийг ашиглан хяналт тавьж ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

Улсын нөөцийн бараа, материалын хадгалалт, хамгаалалтын чанар аюулгүй байдлыг хангах үүднээс Улсын нөөцийн нэгдсэн лабораторийг байгуулаад байгаа юм.

Шадар сайд Ө.Энхтүвшингийн ажилласан дараагийн анги салбар ОБЕГ-ын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай анги байлаа. Ангийн үйл ажиллагаа болон аврах ажиллагаанд ашиглагдаж буй автомашин техник, багаж хэрэгсэлтэй танилцлаа. Тус анги нь үүсч байгуулагдсаны 50 жилийн ойгоо энэ жил тэмдэглэн өнгөрүүлсэн.

Эрэн хайх, агаарын, химийн, тусгай чиг үүргийн гэсэн салбартай. Нийт 220 алба хаагчтайггар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус анги нь улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэдгээрээ онцлог юм. Хамгийн сүүлд гэхэд ажиллагаанд тус ангийн алба хаагчид Отгонтэнгэрт хайрханд болсон ослын үеэр зохион байгуулсан эрэн хайх ажллагаанд оролцсон.

Сүүлийн таван жилийн хугацаанд тус ангийн алба хаагчид 237 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 6 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Хот доторхи эрэн хайх аврах ажиллагааны чадавхийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд тус ангийн байрлалд аврах ажиллагааны байгууламжийг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Цаашлаад Үндэсний аврах бригад байгуулах, аврах үйл ажиллагааны хандлага, бүтцийг олон улсын жишигт хүргэх хэтийн зорилт тавин ажиллаж байгаагаа ангийн захирагч, хурандаа Д.Намсрай танилцууллаа.

Үүний дараа Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн үйл ажиллагаа, ангийн барилга, автомашин, техник хэрэгсэлтэй танилцлаа.

Тус анги нь Сонгинохайрхан дүүргийн 48 мянга гаруй айл өрх, 87200 орчим хүн ам, иргэдийг гамшиг, осол, аюулт үзэгдэл, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

Жилд 350 гаруй гал түймэр, гамшиг, ослын дуудлагаар ажилладаг, дунджаар 410 орчим хүний амь нас, 8.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалдаг талаар ангийн захирагч, хошууч н.Бат-Очир танилцуулж байлаа.

Сүүлийн жилүүдэд тус дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруунсалаа, Зүүнсалааны амуудад айл өрх олноор нүүн ирж суурьших болсон, мөн уулын өндөрлөг газар болон зам гарцгүй, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй газруудад айл өрхүүд суурших болсон нь гал унтраах ангийн зэрэглэл, хүн хүч, тусгай зориулалтын автомашин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болсныг Шадар сайдад дуулгалаа.

Ангийн барилгыг гал унтраах шуурхай бүлгийн байрны зориулалтаар аж ахуйн аргаар 2004 онд барьсан. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тус ангийн барилгыг гал унтраах зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзсэн байна. Алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоо, нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр барилгын гадна, дотор засваруудыг хийжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр анги нь ийнхүү зориулалтын бус барилгад үүрэг гүйцэтгэж байгаа тул 2 дугаар зэрэглэлийн ангийн барилгыг шинэчлэн барих шаардлагатай байгааг танилцууллаа. Ангийн шинэ барилгын төсөвт 2,7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин, гал унтраах ангийн шинэ барилгын төсвийг ирэх онд улсын төсөвт тусгуулж, батлуулахад өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлүүлэн анхаарч ажиллахаа илэрхийллээ. УИХ, Засгийн газрын гишүүдийн дэмжлэгийг авах, Нийслэлийн удирдлагуудтай ярилцаж гал унтраах ангийн алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулахад хамтран ажиллах болно” гэлээ.

Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Онцгой байдлын салбарт ажиллаж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангаж өгөх, нэн тэргүүнд хийх шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлууд олон байна. Шадар сайдын хувьд энэ асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллана. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч Засгийн газар Онцгой байдлын салбараасаа гар татах учиргүй.

Та бүхэн төр, ард түмнийхээ өмнө өндөр, асар хариуцлагатай үүргийг хүлээсэн. Энэ үүргээ ч та бүхэн нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа. Байгаль, цаг уурын ямар ч хүнд нөхцөлд мэргэжлийн ур чадвар гарган ажилладаг Онцгой байдлын албаны алба хаагч та бүхнээр бахархдаг. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэсэн юм