Швейцарийн хөгжлийн агентлагийн захиралтай уулзлаа
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2017.11.03/ Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриелла Спирли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хатагтай Габриелла Спирли 2005 оноос Монгол улсад “Тогтвортой бичил уурхайн төсөл”-ийг УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэнээс хойш хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх чиглэлд олон эерэг үр дүн гарсан талаар дурдав.
Харин цаашид хариуцлагагүй хууль бус аргаар бичил уурхай эрхлэгчдэд тодорхой арга хэмжээ авах тал дээр голлож ажиллах хэрэгтэй байгааг онцоллоо. Мөн 2017 оны тавдугаар сарын 24-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг орон нутагт газар дээр хэрэгжүүлэх тал дээр салбарын яам анхаарч ажиллах саналыг тавьсан юм.
“Тогтвортой бичил уурхайн төсөл”-ийн дуусах хугацаа ойртож буйтай холбогдуулан төслийн ололт амжилтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам цаашид үргэлжлүүлэхийг ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал хүсч, бүх мэдлэг туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа уламжиллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хатагтай Габриелла Спирлитэй санал нэг буйгаа илэрхийлээд “Уул уурхайн салбарт ялангуяа бичил уурхайн чиглэлээр хуулийн дагуу хамтран ажиллаж байгаа хүмүүсээ салбарын яам дэмжинэ. Цаашид энэ хүрээнд орон нутгийн оролцоог хангах ёстой. Бичил уурхай эрхлэгчдийн эрүүл мэнд болон эрх ашгийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангах учиртай. Олон мянган иргэдийн амь амьжиргааг залгуулж буй энэ асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс бодлогын шинжтэй, далайцтай ажлыг авч хэрэгжүүлнэ” гэв.
Түүнчлэн сайд Д.Сумъяабазар уул уурхай бол шавхагддаг баялаг тул уг салбараараа дамжуулан бусад салбараа, ялангуяа эргэж нөхөгддөг баялгийг бий болгож буй хөдөө аж ахуй болон ирээдүйд хөгжилд хөтлөх боловсролын салбаруудаа дэмжин ажиллах бодолтой байна хэмээн хэллээ.