Хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлэх 4 төсөл
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
2017.11.02

Хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлэх 4 төсөл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлаа хүлээж аваад 20 гаруй хонож байна. Тэрээр салбарын ажлаа ил тод байлгах үүднээс сар бүрийн эхний долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, ажлаа тайлагнана гэдгээ өчигдөр хэлсэн юм. Тус яамны хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр цаашдаа авч хэрэгжүүлэх 4 мега төслийг явцыг таницуулж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл:

Уг үйлдвэр нь газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн цогцолбор байгууламж байхаар төлөвлөж байна. Нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардах бөгөөд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 11-12 жил байхаар тооцоолж  байгаа аж.

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах бөгөөд евро-4, 5 стандартын шаардлага хангасан 670 мянган тонн автобензин, 560 мянган тонн дизель түлш, 35 мянган тонн онгоцны түлш, 150 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

  • ТӨБЗГ-ын 2017 оны 4-р сарын 4-ний өдрийн 108 дугаар тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХКомпанийг байгуулаад байна.
  • Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-Импорт банкаар дамжуулан олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн зориулалтыг "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Их хурлаар 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр хэлэлцүүлсэн бөгөөд УИХ-ын чуулганаар соёрхон батлуулаад байна.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл:

Төсөл хэрэгжсэнээр жилд 1 сая.тн зэсийн баяжмал боловсруулж 257.200тн катодын зэс, 5880кг алт, 57000кг мөнгө үйлдвэрлэж, 580 шууд ажлын байр бий болгохоор тооцоолж байна.

  • Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар "Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай" 88 тогтоол баталж Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах, үйлдвэрийн нийт хувьцааны арваас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшихээр тус тус тогтоосон.
  • Үйлдвэр барих талбайг, шинээр баригдахаар төлөвлөж байгаа Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замтай холбогдох Оюутолгойн салаа төмөр замын трасстай уялдуулан тогтоож, орон нутгийн иргэдийн хурлаар хэлэлцүүлэн 2018 оны газар хуваарилалтын төлөвлөгөөнд тусгуулан, газрыг зохих журмын дагуу нөөцөнд авах ажил хийгдэж байна.
  • Мөн Өмнийн говьд шинээр хэрэгжих томоохон бүтээн байгуулалт төслүүд болон Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн усан хангамжийг шийдвэрлэх зорилгоор   Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны “Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх төслийн тухай” 232 дугаар тогтоол гарсан.

Тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд төслийн техникийн эдийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг яаралтай шийдвэрлэн, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шаардлагатай байгаа аж.

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төсөл:

Үйлдвэр нь хий дамжуулах хоолой, нийлэг байгалийн хийн үйлдвэрийн цогцолбор байхаар төлөвлөгдсөн. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол тулгамдаад буй түүхий нүүрснээс үүдэх агаарын бохирдлыг 100% бууруулж хотын хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд 1000 ажлын байр шинээр бий болно.

Үйлдвэрийг барьж байгуулахад 2,5 тэрбум ам,долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Жилд 725 сая м3/жил нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын автобензин үйлдвэрлэх хүчин чадалтай.

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А/43 дугаар тушаалаар Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төслийн нэгжийг байгуулаад байна.

Дархан Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төсөл:

Концессийн гэрээгээр хэрэгжиж байна.

Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд 500 мянган тонн.жил шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах ажил 2018 онд, гангийн үйлдвэрт өргөтгөл хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэн жилд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг 2019 онд, 2020 онд жилд 500 мянган тонн ангижруулсан төмрийн үйлдвэр, 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж, импортын хэмжээг бууруулах боломж бүрдэнэ.

  • “Дархан-Сэлэнгийн бүсэд байгуулах хар төмөрлөгийн цогцолбор төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ болон БОННҮ-ний дунд шатны тайланг 2016.12.14-ны өдөр хүлээн авсан.
  • ТЭЗҮ болон БОННҮ-ний эцсийн тайланг 2018 оны 01 дугаар сард бүрэн хүлээж авахаар ажиллаж байна.