Д.Сумъяабазар: Татвар төлөхөөс зайлсхийдэг аж ахуйн нэгжтэй хатуу хариуцлага тооцох ёстой
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа, бодлого, зорилтыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс “Ил тод хариуцлагатай уул уурхай” сэдвээр сар бүрийн эхний долоо хоногт салбарын сайд болон холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ. Энэ сарын хэвлэлийн бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Салбарын ажлыг юунаас эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн суурь болж байна. Тиймээс энэ салбарын үйл ажиллагаа хэдий чинээ тунгалаг, цэгцтэй, хариуцлагатай байна тэр хэмжээгээр улсын эдийн засагт нөлөөлнө. Энэ утгаараа Засгийн газар “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр анхаарч, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой” компанийн үр ашгийг ард түмэндээ илүү хүртээмжтэй болгохоор ажиллаж байна. Бид хариуцлагыг өөрсдөөсөө эхлүүлж, ард иргэддээ уул уурхайн салбарын асуудлыг сар бүр танилцуулна.
-Энэ онд эрдэс баялгийн үнэ ханш нэмэгдэж, улсын төсөвт багагүй хэмжээний мөнгө төвлөрүүллээ. Цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байна уу?
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлд өссөн нь төсвийн орлого бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэртэй болж байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл энэ оны есдүгээр сарын байдлаар 9.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37.4 хувиар өслөө. Үүнд нүүрс болон металлын хүдэр олборлолт голлон нөлөөлсөн.
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 70 гаруй хувийг эзэлдэг.
Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар улсын төсөвт 1.1 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн. Дэлхийн зах зээлд цаашид алт, зэсийн үнэ өсөх хандлага судалгаагаар ажиглагдаж байна. Ингэснээр манай улсад эерэг үр дүнг авчрах боловч сөрөг нөхцөл гарах нь.
-Тухайлбал?
-Салбар хоорондын уялдаа холбоо маш муу байна. Манай улсад томоохон төслийг хэрэгжүүлэх гэхээр эрчим хүчний хангамж, байгаль, экологийн хүндрэл тулгардаг. Иймд энэ асуудлыг холбогдох яамдын сайд нартай уулзаж шийдвэрлэнэ. Гаалийн нэвтрэх чадварын асуудал хүнд байгаа.
Гашуунсухайтын боомт руу олон км цуваа үүссэн, тэнд ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал байна. Өмнөд бүсийн чуулга уулзалтаар нөхцөл байдалтай нь танилцахаар төлөвлөсөн.
-Гашуунсухайт боомтод үүссэн урт цувааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Нүүрсний боловсруулалтыг нэмэгдүүлэхийн тулд ойрын хугацаанд бид БНХАУ-ын талтай хэлэлцээрийн ширээнд сууж, яаралтай шийдвэрлэх ёстой. Ингэж улс төрийн шийдвэр гаргаж, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх ёстой.
-”Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж буйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх үү?
-Өмнөх Засгийн газрын “Алт-2” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ.
-Үргэлжлүүлэхдээ салбар яамны зүгээс ямар бодлого, зарчим баримтлах вэ?
-Бичил уурхай, гар аргаар алт олборлож байгаа хүмүүст хандсан эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэдний олборлосон алтыг Монголбанкинд тушаах эрх зүйн зохицуулалт одоогоор бүрдээгүй.
Иргэдээс ирүүлж буй мэдээллээр хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан томоохон аж ахуйн нэгж зогсонги байдалд орчихсон хэрнээ гар аргаар алт олборлож буй хүмүүст талбайгаа хэсэгчлэн өгч, өөрсдөө нөхөн сэргээлт хийхгүй, улсад онцгой албан татвар төлөхөөс зайлсхийдэг юм байна.
Ийм аж ахуйн нэгжтэй хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох ёстой. Энэ бол Эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал. Тиймээс бид холбогдох яам, байгууллагатай хамтарч үүнтэй хатуу тэмцэнэ.
-Геологийн хайгуулын лицензийг түр хойшлуулах чиглэл өгсөн. Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Геологийн хайгуулын лицензтэй холбоотой маш олон иргэн, аж ахуйн нэгж гомдол санал ирүүлсэн. Тиймээс ажлын хэсэг байгуулж, асуудлыг судлах, цэгцлэх шаардлага бий болсон учраас түр хойшлуулсан. Энэ сарын сүүлчээр бид шинэ дүрэм журмаа боловсруулж дуусна.
Геологийн эрэл хайгуул хийх, ордыг нээж илрүүлэхтэй холбоотой асуудалд салбартаа мэргэшсэн, бодлого, хүний нөөц, техник технологи, санхүүгийн чадамж сайтай аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллахад бэлэн байна.
Ер нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал нэлээд маргаан дагуулж байгаа. Ченжийн тогтолцооноос бид салах ёстой. Жишээлбэл, IT, эсвэл худалдааны гэх мэт чиглэлийн бус компани тусгай зөвшөөрөл авчихсан байдаг. Сонирхогч биш нөхөн сэргээлт хийж, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаг, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах мэргэжлийн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох хэрэгтэй.
-Судалсан шороон алтны нөөц дуусч байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнд тайлбар өгнө үү?
-Мэргэжлийн хүмүүсийн хийсэн судалгаанаас тооцоолоход, хэрэв энэ байдлаараа 2-3 жил явбал шороон ордны нөөц дуусах магадлалтай. Иймд алтны нөөцийг нэмэгдүүлэх, ордуудыг шинээр нээх ёстой. Геологийн хайгуул хийх нь ашиглах биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
1995 оноос хойш газрын тосны асуудлыг анх ярьж, 2010 оноос хойш олборлолт явуулсан. Үүнээс хойш Дорнод аймгийн Матад, Халхгол сумд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд орон нутгийн хөгжил, монгол ажилчдын эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талд анхаарал сул байсан.
Гэхдээ үүнд анхаарал хандуулах боломж, цаг хугацаа бий. Цаашид гадаадын томоохон аж ахуйн нэгжтэй гэрээ хэлцэл байгуулахдаа Монгол Улсынхаа язгуур эрх ашиг, ард иргэдийн нийгмийн асуудлыг бодолцож байх учиртай.
-Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил ямар шатанд байна вэ?
-Энэ талаар Хятад улс болон Европын холбоо болон түүний гишүүн орон, Канад, Япон, БНСУ, Катар, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг улс оронтой хамтын ажиллагааны санал солилцож байна. Энэхүү ажилд тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай.
-Цаашид энэ салбарт ямар бодлого хэрэгжүүлж, ямар зарчим баримтлах вэ?
-Үйлдвэр, эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлж ажиллана. Үүнийг дагаад хариуцлагын тогтолцоог сайжруулна. Үүнд уул уурхайн олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт олон зүйл багтаж байгаа. Хуулийн хүрээнд сайн ажилласан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх урамшууллын тогтолцоо зайлшгүй байх ёстой.
-Хууль эрх зүйн хувьд шинэчлэл хийх шаардлага байна уу?
-Энэ салбарт голлох арав гаруй хуулийг мөрдөж байна. Гэхдээ газрын хэвлийгээс ус, газрын тос, байгалийн хийгээс бусад төрлийн ашигт малтмалыг үндэсний эрх ашигт нийцүүлэн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, нийгэм, эдийн засгийн үр ашигтайгаар олборлох үүднээс Уул уурхайн тухай хуулийн анхдагч төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хуулийн төслийг ирэх онд УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байна.
Мөн “Газрын тосны, Газрын тосны бүтээгдэхүүний тухай” болон “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.