2017.10.13

Солонгос Улсын мэс заслын эмч профессор Ким Ён Жүүн Хөвсгөл аймагт үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийжээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Анагаахын сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч профессор Ким Ён Жүүнд санал тавьсны дагуу солонгос, монгол эмч нараас бүрдсэн баг Хөвсгөл аймгийн Цагааннуур, Ренчинхлүмбэ, Хатгал тосгонд 6 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж шаардлагатай эм тариа олгожээ.

Тэрээр тойргийнхоо сумдын иргэдэд зонхилон тохиолддог өвчлөлийн талаар мэдээлэл илгээж, үзлэг оношлогоо зайлшгүй шаардлагатай, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж хомс алслагдсан сумдын мэдээллийг илгээсний дүнд профессор Ким Ён Жүүн хамтран ажиллахаар болсон байна.

Эрүүл мэндийн үзлэгт 550 гаруй иргэд хамрагдсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чаддаггүй Цагааннуур сумын цаатан иргэдэд анх удаа газар дээр нь нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношлогоо хийж, зөвлөгөө өгсөнд нутгийн иргэд өндөр сэтгэгдэлтэй байсан аж.

Энэхүү үзлэг оношлогоог цаашид жил бүр зохион байгуулж, тойргийнхоо сумдын иргэдийг хамруулан, зонхилон тохиолддог өвчлөлийн талаар нарийн судалгаа шинжилгээ хийх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Анагаахын сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч профессор Ким Ён Жүүнтэй хамтран ажиллахаар болжээ.