Ургац тээвэрлэлтийн хамгийн дөт гарц нээгдэв
2017.09.19

Ургац тээвэрлэлтийн хамгийн дөт гарц нээгдэв

Сэлэнгэ мөрний хөвөөнд зургаа дахь гүүр баригдаж, ашиглалтад орлоо. Булган аймгийн Сэлэнгэ суманд 40 метр урт, 44 тоннын даацтай, ган төмөр дам нуруу бүхий 437.02 у/м төмөрбетон гүүрийг энэ сарын 16-ны өдөр хүлээн авч, ашиглалтад орууллаа. “Ингэтийн гүүр” хэмээн нэрийдэх энэхүү гүүр нь Монгол Улсад анх удаа дотоодын компани шинэ технологиор гүйцэтгэсэн гэдгээрээ онцлог бөгөөд Зам,  тээврийн хөгжлийн яам захиалж, “Хотгор зам” компани барилгын ажлыг гүйцэтгэжээ. Гүүрийн нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Булган аймгийн удирдлагууд, ургац тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл болон орон нутгийн ард иргэд оролцов.

Энэхүү гүүр ашиглалтад орсноор Булган аймгийн ард иргэдийн аж амьдралд дэмжлэг болж, ургацын тээвэр саадгүй зорчихоос гадна бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үр нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Зөвхөн Булган аймгийн ард иргэдээс гадна Сэлэнгэ, Орхончууд, ургац тээвэрлэгч аж ахуй нэгжүүд энэхүү гүүрээр тав тухтай зорчих боломж бүрдэж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат гүүрийг нээх арга хэмжээний үеэр онцлон хэллээ. Тэрээр “Зам дагаж хөгжил гэдэг. Газар тариалангийн бүс нутагт дотоодын аж ахуй нэгж, компаниуд нийгмийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахуйц томоохон бүтээн байгуулалтыг шинэ технологиор анх удаа бий болгосон нь улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.

Энэ нь ургац тээвэрлэлтийн үйл ажиллагааг түргэсгэх, тээвэрлэлтийн зардлыг багасгахаас гадна сум, орон нутгийн иргэд болон нийгэм эдийн засагт онцгой ач холбогдолтой бөгөөд 120 гаруй км тойрч холбогддог байсан замыг ийнхүү дөтөлдөг болсонд нутгийн ард иргэд ихээхэн баяртай байгаагаа илэрхийлж байлаа.