Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөлөө
2017.07.10

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөлөө

Өнөөдөр /2017.07.10/ 12 цаг 30 минутанд Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд тангараг өргөж, Төрийн тамгаа гардаж авлаа.

Ёслолын эхэнд Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдлэн хамгаалж Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангаргалъя" хэмээн тангараглаж, тугандаа мөргөлөө.

Дараа нь бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тамгыг шинэ Ерөнхийлөгчид өргөн барив.

УИХ-ын дарга М.Энхболд: "Монгол түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, УИХ, Засгийн газрын бүтээлч, харилцан ажиллагааг ханган ажиллана гэдэгт бид итгэж байна" хэмээлээ.