УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Мөн Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Мөн сонгуульд идэвх чармайлттай оролцсон нийт сонгогчид доо баяр хүргэе" гээд үргэлжлүүлэн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Өнөөдөр УИХ дээр яригдаж байгаа хуулийн гажуудал бол өнөөдөр үүсчихсэн асуудал биш. Зарим хүний ярьж байгаа шиг Сонгуулийн хуулийг эрх зүйн хувьд чадамжгүй гэж үзэж байгаа бол энэ танхимд сууж байгаа 76 гишүүн 76 -уулаа мөн эрх зүйн чадамжгүй. Яагаад гэвэл УИХ болон Орон нутгийн сонгууль бүгд л энэ сонгуулийн хуулиар явсан. Тийм учраас хэрэв ингэж ярих гэж байгаа бол бид бүгдээрээ л хариуцлага хүлээх ёстой. Үүнээс биш аль нам эсвэл хэн сонгогдсоноос нь хамаарч асуудлыг авч үзээд, түүнийгээ хуулийн янз бүрийн гаргалгаагаар тайлбарлах гэж байгаа нь боломжгүй асуудал. Ийм учраас нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдрийн хуулиудын дагуу асуудлуудаа яриад явах ёстой.
Сонгуулийн будлиан маргаантай асуудал ярих гэж байгаа бол бид өөрсдөө бие биенээ шүүмжлэх бус Монголын ард түмэн та биднийг дүгнэж байгаа. Хэн нь ямар зөрчил гаргасан, ямар хуулийг уландаа гишгэсэн, мөнгө тараасан, хар PR хийсэн гэдгийг Монголын ард түмэн ялгаж салгах байхаа.
Алдсан оносон зүйл их бий. Хууль шүүхийн байгууллага шалгах тогтоох асуудлуудаа хуулийн дагуу шалгаж тогтоох биз. Ер нь аливаа ямар ч хэрэг хуучирдаггүй. Тиймээс шийдэгдээгүй байгаа асуудлыг шийдэгдсэн мэтээр ярих боломжгүй зүйл гэдгийг хэлмээр байна. Эцэст нь хэлэхээр хэн нэгнийг шүүхээр гэм буруутайг тогтоогоогүй байхад гэм буруутан мэтээр ярьж байгаад зарим хүмүүст харамсаж байна.