Ц.Даваасүрэн: Эрх мэдэл, албан тушаал булаацалдахаас илүү амласнаа биелүүлэхэд анхаарах ёстой
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлсэн юм.
Ц.Даваасүрэн: Ард түмний сонголт учраас бид хүндэтгэлтэй хандаж, улсын баяр наадмаа шинэ Ерөнхийлөгчөөр нээлгэх шийдвэрийг өнөөдөр гаргаж байгаа нь зөв байх гэж бодож байна. Миний хувьд шинэ Ерөнхийлөгч томилогдож байгаатай холбогдуулан ганц, хоёр зүйлийг хэлье.
Энэ удаагийн сонгууль болдгоороо боллоо. Гэхдээ сайн, муу зүйл байлаа. Муу зүйл, муугийн муу нь хүн хэн нэгэнтэй сайхан харьцах, нэг нэгэндээ итгэх итгэлийг үгүй хийлээ. Гар утас бол тагнуулын аппарат, чагнах хэрэгсэл болсон байна. 7 дугаар сарын 1-нээс эхлэн хүн гүтгэвэл зөрчилд тооцогдож байгаа. Хүн гүтгэх явдал цаашид улам даамжирна. Тиймээс бид түүнээс сургамж авах ёстой. Сонгуулиас үлдсэн муу зүйлийг засахаа мартаж болохгүй. Ард түмэн амлалтад биш амлалтаа биелүүлэх, амласандаа хүрч байна уу гэдэгт анхаардаг болжээ.
Тиймээс Ерөнхийлөгч эрх мэдэл, албан тушаал булаацалдахаас илүү амласан зүйлээ хэрэгжүүлэхэд анхаараасай гэж бодож байна. Намчирхах, жагсаал цуглаан зохион байгуулах, УИХ-ын 76 гишүүнээ нухчин дарах, 76 нь Ерөнхийлөгчөө дарах гээд төрийн хямрал болчих вий гэж болгоомжилж байна. Энэ удаад ард түмнээ сонголтоо хийсэн. Гэхдээ ард түмний тэн хасаг нь сонгуульд оролцоогүй гэдгийг бодох хэрэгтэй.
Хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой. Тиймээс УИХ-д ард түмний бидэнд өгсөн эрх мэдэл бий. Ерөнхийлөгчийг ард түмнийхээ төлөө ажиллаарай гэж УИХ шаардах эрхтэй. Тэрнээс биш эрх мэдэл булаацалдаж, төрийг хямраах тал руу явах бол Монголын төр эрх мэдлээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй.
Энэ бол том хариуцлага ногдож байгаа хэрэг болохоос биш том баяр биш. Ардчилсан нам үүнийг бодох ёстой. Саяхан ард түмнийхээ итгэлийг алдсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар олж авсан итгэлээ төрөө төвшитгөх, улс орноо хөгжүүлэх чиглэл рүү ашиглахад анхаарах хэрэгтэй. Хүчний байгууллагуудаа булаацалдсан алхам хийх юм бол миний бие УИХ-ын гишүүний хувьд өөрөөсөө шалтгаалах бүхий л арга хэмжээг авах болно.
Монголын төр хямралтай байж болохгүй. Эрх мэдэл булаацалддаг газар байж болохгүй. Хэлсэн үгэндээ эзэн бай, амласан амлалтандаа хүр гэж ард түмэн шаардаж байна. Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг бид гацаахыг хүсэхгүй. Гол нь ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой. Өөрийгөө болгоорой гэж сонгоогүй нь ойлгомжтой.