Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсноор цаазаар авах ял түүх боллоо
2017.07.03

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсноор цаазаар авах ял түүх боллоо

Хүний эрхийг хамгаалж, бүрэн дүүрэн эдлүүлэхэд түүхэн чухал үе болж Монгол улсад Эрүүгийнхууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнд Эмнести Интернэшнл талархаж байна.

Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 3-нд бүх хэрэгт цаазаар авах ялыг халсан шинэ Эрүүгийн хууль баталсан. Энэ нь 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. 

Долоон жилийн хүчин чармайлтын үр дүнд бүрэн биелэлээ олж буй өнөөгийн энэ дэвшлийг 2010 оны 1 дүгээр сард Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж цаазаар авах ялын гүйцэтгэлд  албан ёсоор моратори зарлаж, цаазаар авах бүх ялыг өөрчилснөөр эхэлсэн юм. Энэ эхлэл нь хоёр жилийн дараа тус улс цаазаар авах ялыг халахаа амлаж олон улсын гэрээг соёрхон батлахад дөхөм болсон. Монголын Эмнести Интернэшнл 1994 онд байгуулагдсан цагаасаа эхлэн энэ зорилгод хүрэхийн тулд цуцалтгүй кампанит ажил  өрнүүлсэн.
Анх удаагаа эрүүдэн шүүх гэмт хэргийн тодорхойлолтыг Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид заасан өргөн утгаар нь нийцүүлэх зэргээр  Шинэ Эрүүгийн хууль нь хүний эрхийн бусад асуудлаар тодорхой ололтыг багтаасан.
Хэдий тийм боловч  Монгол Улс энэ шинэ хуулиа хэрэгжүүлэх, эрүүдэн шүүсэн хэргийг хараат бусаар, үр нөлөөтэй мөрдөн шалгах зэргээр эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох хамгаалалтын механизм бий болгох боломжоо хэрэгжүүлсэнгүй.  
Монгол Улс ба цаазаар авах ял
Монгол Улс хамгийн сүүлд 2008 онд цаазаар авах ял гүйцэтгэсэн ба 2010 онд моратори тогтоосноос хойш оногдуулсан цаазаар авах ялыг өөрчилсөөр  ирсэн. Гэвч цаазаар авах ялын талаарх тоо баримт төрийн нууцад хамаарсан хэвээр байна.  
Өнөөдөр Монгол Улс туйлын хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэлээс ангижирсан дэлхийн 105 дахь улс боллоо. Мөн Бенин, Конго(Бүгд Найрамдах), Фижи, Латви, Мадагаскар, Науру, Суринейм улсын дараа сүүлийн таван жилд энэ ялыг халсан найм дахь улс болоод байна. Гвиней улс мөн энэ хугацаанд цаазаар авах ялыг ердийн гэмт хэрэгт халжээ. 
Ази-Номхон далайн бүс нутагт зарим улс орон олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргээ зөрчин цаазаар авах ял гүйцэтгэх, энэ ялыг сэргээхийг санаархдаг ч  Монгол Улсын өнгөрсөн 10 жилийн түүх цаазаар авах ялыг халахыг дэмжиж байгаа дэлхийн чиг хандлагыг харуулаад зогсохгүй, улс төрийн манлайлал хүний эрхэд өөрчлөлт авчирахад шийдвэрлэх чухал зүйл болохыг харууллаа.    
Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг. Тус байгууллагаас энэ ялыг хадгалж үлдсэн улс орнуудын эрх баригч нарт хандан Монгол Улсын жишгийг даган цаазаар авах ялыг яаралтай халахыг уриалж байна.