УИХ-ын гишүүн Л.Болд
2017.06.30

Л.Болд: НИТХ бие дааж шийдвэр гаргана гэсэн нь юу гэсэн үг үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд асуудал хөндлөө. 

Тодорхой хугацааны өмнө хөдөө орон нутгаас нийслэл хотод шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гарч байсан. Энэ шийдвэрийг ямар хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан бэ?

Уг хуулийн төслийг уншихаар нийслэлийн удирдлагуудын эрх мэдэл, захиргааны бүтэц, зохион байгуулалт, нийслэлийн төр захиргааны байгууллагын эрх, үүрэг гэсэн агуулга давамгайлаад тулгамдсан асуудлыг шийдсэн зохицуулалт учир дутагдалтай байна.

Хуулийн төсөлд, НИТХ бие дааж шийдвэр гаргана гэж заасан байна. Энэ нь өмнөх байсан зохицуулалтаасаа ямар ялгаатай вэ? Ямар эрх мэдэл нэмэх шаардлагатай болчихоод байгаа вэ? Сүүлийн үед НИТХ-ын даргатай холбоотой асуудал сөхөгдөж байгаа.

Хуулийн төсөл батлагдсанаар дарга нарын эрх мэдлээс гадна нийслэлд тулгамдсан асуудлыг шийдэх ёстой л доо. Агаарын бохирдол, газрын наймаа зэргийг таслан зогсоох хэрэгтэй. Хуулийн төсөлд олон асуудлыг өнгөцхөн тусгасан байна. Нийслэлийн хамгийн том тулгамдсан асуудал бол гэр хорооллын хөгжил. Өнөөдөр гэр хороолын хөгжлийг шийдэх эрх зүйн зохицуулалтыг уг хуулийн төсөлдөө тусгаж өгөхгүй юм бол байгаа онохгүй хууль болно. Наад зах нь нүхэн жорлонг халах хэрэгтэй байна.

Нийслэлийн газар, зам талбайтай холбоотой маргаантай олон асуудал байна. Тэр дундаа талбайн асуудал. Нийслэл хот цөөхөн талбайтай. Олон улсын чухал хурал Улаанбаатар хотноос болж байхад төв талбайнхаа урд талыг ухаж эхэлсэн. Үүнийг УИХ дээр дэвшүүлэн тавихад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “бөөс” ярилаа гээд болиулсан.

“Энэ бол бөөс биш”. Нийслэл гурван талбайтай. Талбай гэхээр заавал дөрвөлжин байдаг, илүү хэсэг нь хувьчлагддаг, өөр зориулалтаар ашиглагддаг гэсэн хууль дүрэм хэзээ, хаана гарсан юм бэ?

Сая УИХ-ын дарга М.Энхболд маш ноцтой зүйл хэллээ. СХД-т дэд төв байгуулъя гэсэн ч үүний цаад шалтгаан нь төр захиргааны байгууллагыг хувьчлах тухай ярьж байна. Энэ үнэн үү? Энэ талбай, энэ байшин хэний өмчлөлд байна вэ?

Ерөнхийлөгчийн сонгуулиар АН нийслэлд ялалт байгуулсан. Энэ бол нийслэлийн удирдлагууд өгсөн үнэлэлт дүгнэлт гэж ойлгох хэрэгтэй.