2017.06.28

Нийслэлийн төсөв, санхүү, өмчийн бодлого хэрхэн өөрчлөгдөх вэ?

1994 оны 7 дугаар сарын 5-нд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж, төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл Улаанбаатар хотын малгай хууль гэж хэлж болно. Хуулийн төсөлд “Нийслэлийн хөгжлийн бодлого, эдийн засгийн үндэс, өмч, төсөв, санхүү” гэсэн гуравдугаар бүлгийг шинээр нэмж, шинэлэг зохицуулалтууд оруулсныг энэ удаагийн "Шилэн хууль" булангаараа онцолж байна. 

Хөгжлийн бодлогоо шинэчилнэ

Энэ хэсэгт Нийслэлийн хөгжлийн бодлогыг хуульчилж өгчээ. Одоогийн хуульд зааснаар бол нийслэл хот нь хот байгуулалт, нийгэм, эдийн засаг, байгаль орчны зохистой тэнцлийг хангах бие даасан бодлоготой байна гэж заасан байдаг. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдал, улс орны хөгжлөөс шалтгаалж, хөгжлийн бодлогоо шинэчилжээ. Үүнд,

Нийслэл нь хөрөнгө оруулалтын таатай орчинтой, төсөв санхүүгийн хувьд бие даасан, хараат бус байна.
Улаанбаатар хот нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, соёл, урлагийн төв болсон.
Одоо олон улсын санхүү, аялал жуулчлал, ачаа тээврийн зангилаа төв болохыг зорьж байна. 

Дэлхийн хотуудын хөгжлийн загварыг өөрийн онцлогт тохируулан нутагшуулж, олон улсын үйлчилгээний стандартыг нэвтрүүлнэ гэж хөгжлийн бодлогодоо тусгажээ. Түүнчлэн төвлөрлийг сааруулах үүднээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг үе шаттайгаар дагуул хот, дэд төвүүдэд байршуулахаар төлөвлөж байна.

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлан, зарим компанийг нээлттэй ХК болгох бодлого барьж байна. Гарааны бизнесүүдийг дэмжих зорилгоор тусгай сан байгуулах шаардлагатай байгаагаа ч дурджээ. Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод олон улсын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрыг байршуулах бодлоготой байна. 

Нийслэлийн эдийн засгийг газар, байгалийн баялаг, нийслэлийн өмчит, өмчийн оролцоотой үйлдвэрийн газруудын хуримтлал, албан татвар, төлбөр, хураамж, татварын бус орлого, нийслэлийн хөгжлийн сангийн хөрөнгө бүрдүүлнэ гэж хуулийн төсөлд заажээ.

Одоогийн хуульд зааснаар нийслэл хот татвартай байна гэдгийг уг хуулийн төсөлд хэвээр үлдээж, харин дагуул хот, дэд төв байгуулах санал санаачилга, үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих шинэ зохицуулалт оруулсан байна. Энэ зохицуулалттай уялдуулан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд дараах нэмэлт орох юм. Тодруулбал,

Татварын бодлогоор дэмжинэ

Нийслэлийн дагуул хот, дэд төвд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 10 жилийн хугацаагаар чөлөөлнө гэж дагалдах хуулийн төсөлд тусгажээ.

Татварын бодлогын өөр нэг дэмжлэг нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах юм. Үүнд,

Нийслэлийн дагуул хотод шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 20 жил, нийслэлийн дэд төвүүдэд 10 жил тус тус 50 хувиар хөнгөлнө гэж заасан байна.

Нийслэл үнэт цаас гаргана

Нийслэлийн хөгжлийг урагшлуулах томоохон төсөл, хөтөлбөрийг үнэт цаас гаргах замаар санхүүжүүлж болно гээд энэ тухай Өрийн удирдлагын тухай нэмэлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд зааснаар бол нийслэлийн хөгжлийн төсөл хөтөлбөрийн жагсаалтыг НИТХ батална.

Төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 30 тэрбум төгрөгөөс доошгүй

ТЭЗҮ хийгдсэн

Экспортыг дэмжсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх шаардлагатай.

Хэрэв нийслэл үнэт цаас гаргах бол Нийслэлийн засаг дарга энэ тухай саналаа Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар өрийн дээд хэмжээндээ нийцүүлэн үнэт цаас гаргах эсэхийг зөвшөөрөх бөгөөд үүнээс өмнө НИТХ үнэт цаас гаргах санаачилгыг дэмжсэн байх ёстой.

Нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэхтэй холбоотой журмыг Засгийн газар баталж, үнэт цаас гаргахтай холбогдсон зардлыг тухайн жилийн нийслэлийн төсөвт тусгана гэж хуулийн төсөлд заажээ.

Нийслэлийн өмчийг өмчлөгч нь НИТХ байна

Одоогийн хуульд нийслэл нь өмчтэй байна, өмч нь барилга байгууламж, эд хөрөнгө, хотын аж ахуйн болон бусад хөрөнгөөс бүрдэнэ гэж заасан ч өмчлөгч хэн байх тухай тодорхой заагаагүй байдаг. Тэгвэл Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн өмчийг өмчлөгч нь нийслэлийн хүн амыг төлөөлөн НИТХ байна гэж заажээ.      

Өмчийг захиран зарцуулах асуудлыг нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр НИТХ шийдвэрлэх бөгөөд өмчийг эзэмшүүлэх, ашиглуулах, бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулахыг ИТХ мэднэ.

Газрын биржтэй болно

Шинэчилсэн найруулгын төсөлд "Нийслэлийн газрын бирж" хэмээх шинэ ухагдахууныг оруулжээ. Уг бирж нь хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх, сонгон шалгаруулалтын дүнд өмчлүүлж, ашиглуулахаас бусад газрыг дуудлага худалдаагаар арилжаалах чиг үүрэгтэй юм байна.

Бирж нь Нийслэлийн газрын албаны дэргэд ажиллаж, бүтэц, орон тоог Нийслэлийн Засаг дарга батална гэж хуулийн төсөлд дурджээ.    

Нийслэлийг хөгжүүлэх сантай байна            

Одоогийн хуульд нийслэл нь тусгай зориулалтын сантай байж болно гэж заасан бол шинэчилсэн найруулгын төсөлд Нийслэлийг хөгжүүлэх сантай байна гэж албан ёсныжуулжээ.

Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах журмыг НИТХ батлах агаад энэ журмын дагуу Нийслэлийн Засаг дарга хөрөнгийг зарцуулж, энэ тухайгаа жил бүр ИТХ-даа тайлагнадаг байхаар зохицуулсан байна.

Чөлөөт бүс байгуулж болно

Нийслэлийн чөлөөт бүс гэж шинэ ойлголт оруулж ирэв. Хуулийн төсөлд нийслэл нь чөлөөт бүс байгуулж болно гэж заасан бөгөөд чөлөөт бүс байгуулах, үйл ажиллагааны хэлбэр, хэм хэмжээ, тус бүс нутагт мөрдөх татвар, гаалийн бодлогыг тусгай хуулиар зохицуулна гэжээ.