2017.06.30

НИТХ ямар чиг үүрэгтэй вэ?

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан "Шилэн хууль" булангаараа уг хуулийн төслийн онцлох заалтуудаас цувралаар хүргэж байна. 

НИТХ нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргаж, нийслэлийн оршин суугчийн эрх, тэдэнд тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. 

Нийгмийн дэг журмыг хамгаалах, хотын аж ахуй, оршин суугч, ААН-ийн нийгэм-соёлын асуудлаар тодорхой журам гаргаж, биелэлтэд хяналт тавина. Харин өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлнэ. 

Нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллага, гудамж, талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох, хөшөө, дурсгалын цогцолборыг иргэд, олон нийтийн саналыг үндэслэн байгуулна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй.

Нийслэлийн агаар, ус, хөрс, экологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөр баталж, нийслэлийн тухайн жилийн төсвийн төслийг хуулийн хугацаанд хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавихаас гадна төсвийн гүйцэтгэлийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталдаг.